Цаг уурынхан хэд хоногийн өмнөөс сануулсанчлан энэ жилийн анхны хамгийн их цас орлоо. Орох орохдоо нэвсийтэл дарлаа. Энэ цас унтаа байсан хот хөдөөгийн иргэдийг сэрээлээ. Хотын гудамжны шороо тоос дарагдан, агаар цэвэршээд сайхан байгаа ч өвлийн хүйтэн наашлан байгаагийн дохио боллоо. Намрын сүүл сартай уралдан орсон анхны цас тун удахгүй айлчлах өвлийн бэлтгэлийг эрхгүй сануулж байна. Та өвөлд бэлэн үү. Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн нутаг "Шартын даваа", "Бумбатын даваа"-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.
Дээрх давааны замууд хаагдсантай холбоотойгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн зам, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Хөдөө орон нутагт өвлийн бэлтгэл болон замд гарах гэж байгаа жолооч нарт аюулгүй байдлаа хангахын сануулж байна. Ингээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ж.Батзандан: Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. Насаараа айж амьдрах юм уу
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг өргөн барихаар болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүнд Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИх-ын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдлүүд ирж байсан аж. Тодруулбал,
Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг залууг гадны орноос унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан сар хорьсон хүн бол Б.Хурц юм. Үүнийг дэлхий даяараа мэднэ. Тэр залуу зургаан сар хоригдоод амиа алдсан. Гэр бүлийн хүмүүс нь бидэнд маш их өргөдөл ирүүлсэн. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр гадны шүүхийн байгууллагууд болох Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын хүн нь гаднаас хууль бусаар хулгайлан авчирдаг явдлыг таслан зогсоох ёстой.
Хоёрдугаарт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, Улсын дээд шүүхээр оруулж улстөрийн захиалгатай аллага байна гэж үзээд гурван Монгол Улсын иргэнд ял өгөөд явуулсан.Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байгаа. Өнөөдрийг хүртэл захиалгчыг нь хэлээгүй Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. Асуудлыг тодорхой болгохгүй бол гурван хүнд ял тулгах замаар хэлмэгдүүллээ. Үүнийг УИХ-аар ил тод хэлэлцэх учиртай. Энэ бүхнийг УИХ-аар ил тод болгохоос нааш Б.Хурцыг гадагш нь элчингээр томилох нь буруу гэж би үзэж байна. Үүнийг ч шаардаж байна.
Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц юм. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг Б.Хурц, Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэлгүйгээр нууц зохион байгуулсан. Үүнийг бид УИХ-аар ярилцах учиртай. Энэ асуудлыг шийдэхээс нааш Б.Хурцыг элчин сайдаар яаран томилох хэрэггүй гэж би үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Утааг бууруулах үлгэр тайван жагсаал, цахилгаан халаагуураар үргэлжлэх үү?
Монголчууд бид урин цагт утаагаа мартаж хүйтний эрч чангарахад агаарын бохирдлоо санаж эхэлдэг сонин ард түмэн. Агаар дахь хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр өнгөрсөн онд дэлхийн дунджаас 5-6 дахин их буюу аюултай түвшинд хүрч Бээжинг ардаа орхисон. Хорт утааг эсрэгүүцэж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүд анх удаа нэгдэж “Боож үхлээ” тайван жагсаалыг төв талбай дээр өнгөрсөн нэгдүгээр сарж эхлүүлж байсан бол энэ сарын 10-нд дахин жагсах гэж байна. Тэд Улаанбаатар хотын дарга С.Батболдын ажлын өрөөний гадна буюу Чингисийн талбайн баруун талд 12:00-14:00 цаг хүртэл тайван жагсаал хийх гэнэ. Энэ талаар өнөөдөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас мэдээлэл хийсэн. Тус байгууллагын гишүүн Ц.Пүрэвхүүгийн хэлсэнээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дэд бүтцэд анхаарах хэрэгтэй. Төлөвлөгөө ёсоор энэ сард гэр хорооллын 5000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ л явж байна. Гол шалтгаан нь хотын дарга энэ мөнгийг өмнө жил төсөвлөөгүйтэй л холбоотой. Мөн Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум воннын хөрөнгө оруулалт аваад “орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн орон сууцанд оруулна гэж амласан. Харамсалтай нь нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт алга” гэсэн юм.
Цаашид тус байгууллага утааны эсрэг цуврал жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
Үе үеийн Ерөнхий сайд, хотын удирдлагууд утаанд 2011-2015 онд 135.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн байдаг. Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр энэ хөрөнгийг бүрдүүлсэн байна. Энэ мөнгөний багагүй хэсгийг буюу 50 хувийг нь гадаадын аль нэг оронд үйлдвэрлэсэн, дэвшилт төхөөрөмж, технологи нутагшуулж, туршихад зарцуулан, хэдэн арван төсөл, хөтөлбөр санаачилсан боловч тууштай хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн нь үгүй юм. Учир нь агаарын бохирдлын 90 хувийг бүрдүүлдэг нийслэлийн гэр хорооллын өрхөд “Дөл” “Өлзий”, “Хас” гэх мэт зуух, шатаадаг хий зэргийг хөнгөлттэй үнээр өгсөн боловч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн бүтэлгүй туршилт болсон гашуун түүх бий. Хэдийгээр Засгийн газар гэр хорооллын айл өрхөд шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргаж цаг үеэ олсон зөв ажлыг хэрэгжүүлсэн ч айл өрх бүрт энэ нь хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд заавал хоёр тарифт тоолууртай байх хэрэгтэй юм. Гэтэл цахилгаан хэрэглэгч бүр энэ тоолуурыг шинээр авч өндөр үнэтэй цахилгаан халаагуур, шалны халаагуур, зуух гэх мэт утааг бууруулах шидтэй, өндөр үнэтэй төхөөрөмжийг авах иргэд тун цөөхөн байгаа нь үр дүнгээ өгөхгүй байх нэг шалтгаан болоод байна. дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Шинээр томилогдсон цагдаагийн дарга нарын хэн нь хэн бэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт нэлээд бужигнаантай байлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хэвлэлээр худалч, тагнуулчаараа дуудалцан хэвлэлийн бага хурал хийсэнээс хойш цагийн дараагаас эхлэн хуулийн байгууллагын дарга нарыг сольж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Тэргүүн комиссар С.Баатаржавыг шинээр томиллоо мөн. Түүнээс хойш томилгоо тасралтгүй үргэлжилсэн. Тодруулбал,
- ЦЕГ-ын дэд бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг,
- ТЕГ-ын газрын даргаар Т.Гэрэлийг,
- ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,
- Цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар,
- Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,
- Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,
- Цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар,
- Б.Бат-Өлзийг Нийслэлийн цагдаагийн газрын
- Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ. Тэггвэл шинээр томилогдсон хуулийн байгууллагын дарга нарын хэн нь хэн бэ гэлгийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Цасан шуурганы үед замд гарахгүй байхыг анхааруулав
Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.
Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна гэж орон нутгаас мэдээлж байна.
Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Төсвийн тодотголд хийсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн бүлгийн шийдвэр гарлаа
-Төсвийн тодотголд хийсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн бүлгийн шийдвэр гарлаа-
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, хуралдсан асуудлаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэсэн бүлгийн шийдвэрээ гаргасан” гэв.
Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2018 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийхдээ “Манай ажлын хэсэг 2018 оны төсвийн төслийг гурван зарчмыг үндэслэн судалж байна. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа эсэх. Энэ шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа. Тухайлбал, төсвийн алдагдал 9.5 хувь байх ёстой. Засгийн газар найман хувьтай байхаар тооцож оруулж ирсэн. Хоёрдугаарт төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг нягталсан. Үүнд бүрэн нийцэж байгаа юм билээ. 2018 оны төсөвт өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувиас хэтрэхгүй байна. 2018 төслөөр 76.1 хувь байна. Одоогоор төсвийн хүрээнийн мэдэгдэлд бүрэн нийцэж байна. Үүнээс давбал хууль зөрчинэ гэв.
Говь-Алтай аймгаас хэд хэдэн зөрчил илэрлээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон тус аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажилласан байна.
Ажлын хэсэг дээрх байгууллагуудын удирдлагаас батлан гаргасан 3336 шийдвэртэй танилцах явцад зарим зөрчил, дутагдлыг илрүүлжээ.
Тухайлбал, Төрийн албаны тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин нэр бүхий 4 албан тушаалтан аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давхар ажиллаж байна.
Мөн төрийн жинхэнэ албаны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй нийт 26 иргэнийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг /8/-ийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал /14/, цэцэрлэгийн эрхлэгч /4/-ээр тус тус томилжээ.
Аймгийн хэмжээнд 2016-2017 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны баримт материалтай танилцахад нийт худалдан авалтын 20 орчим хувьд нь тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл үйлдэж хавсаргаагүй байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д хамруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байв.
Зэрлэг гахайн мялзан өвчин гарчээ
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнгөрсөн сарын 26-29-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт ажиллалаа. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зэрлэг гахайн мялзан өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тэрбээр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг, чиглэл өгсөн юм.
Ингэхдээ, тус аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Булган аймгийн мэргэжлийн холбогдох байгууллагууд өвчний голомт дээр ажиллаж байгаа хүмүүст вакцин хийх зэргээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол болзошгүй эрсдэл шүү. Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна. Дараагийн тандалт судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Онцгой байдлын албан хаагчид вакцин хийлгэчихдэг болохоор харьцангуй эрсдэл бага. Харин энгийн иргэд, малчид маш эрсдэлтэй байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.
М.Жаргалсайхан: Найман настай охиныг эрэн хайх ажиллагаанд орон даяар 910 хүн оролцсон
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охиныг орон даяар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 3-ны өглөөнөөс эхлэн сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 02-ны А/313 тоот захирамжаар Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа, Ц.Сугаржаваар ахлуулсан ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, тус сумын төвд болон сумын төвөөс 20 км-ын зайд самналт хийж эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Мөн охины талаарх үнэн зөв мэдээллийг өгсөн хүнд таван сая төгрөг өгнө гэж Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдэгдсэн.
Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Хичээлдээ явахаар цүнхээ үүрээд гэрээсээ гарч, сураггүй алга болоод 4 хоног болж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлсэнээр Д.Сэржмядаг охин хичээлээсээ хоцорсон тул багш нь оруулаагүй, түүнээс хойш алга болсон гэсэн мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан Замын үүдийн цагдаагийн хэлтэсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, ахмад М.Жаргалсайханаас тус хэргийн талаар тодрууллаа. Ахмад М.Жаргалсайхан хэлэхдээ “Одоогийн байдлаар алга болсон 8 настай охины талаар ямар ч сураг алга. Иргэдээс мэдээлэл ирээгүй байна. Гэрээсээ гарч явахыг нь харсан гэх нэг л хүн байгаа. Охиныг сургуулийн багш нь оруулаагүй гэсэн мэдээлэл худлаа. Сургууль дээрээ очоогүй. Өнөөдрийн байдлаар эцэг эх, сургуулийн багш, онцгой байдлын албан хаагч, сумын иргэдийн хамтарсан 56 хүн хайж байна. Эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд зарласан байгаа. Өмнөх өдрүүдэд 910 хүн оролцсон. Ямар ч сэжүүр алга” гэсэн юм.
Энэ сард бүх нийтээрээ амрах уу
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Энэ жил тус өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиож буй. Гэвч тус өдөр амралтын өдөр буюу ням гариг таарч байгаа бүх нийтээр амрах уу яах вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Өмнөх Засгийн газрууд бүх нийтээр амрах өдөр амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр шилжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл ажлын нэг өдрийг бүх нийтээрээ амардаг байхаар зохицуулдаг байсан. Харин шинэ Засгийн газар ийм зохицуулалт хийх үү эсвэл ням гаригт таарсан учраас зохицуулахгүйгээр шууд явах уу гэдгийг хараахан шийдвэрлээгүй байна.
Алга болсон 8 настай охины мэдээллийг 5 сая төгрөгөөр авна
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-нд алга болсон найман настай охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын албанаас зохион байгуулж байгаа аж.
130-150 м өндөртэй 2017.11.02ний өдөр 13.30 минутын орчимд сургууль дээрээ харагдснаас хойш алга болсон байна. Өмсөж явсан хувцасны хувьд зураг дээрх ягаан оуртик, бор түрийтэй гутал формын хувцастай, ягаан цүнхтэй явж байсан ба харсан үзсэн хүн 7052102 утсанд хандах боломжтой юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр охин хичээлээсээ хоцроод ангидаа орох гэхэд багш татгалзсан хариу өгсөн тул буцаж гараад ийнхүү сураггүй болсон гэлээ. Мөн охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэдгийг Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдээллээ.