8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баруун таван аймаг руу мялзангийн вакциныг илгээж, жолооч нарт зориулсан аппликейшн бүтээсэн өдөр

2017-11-08 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

"Диваажингийн баримт бичгүүд" Монголтой хэрхэн холбогдов

Парадайз пейпэрс" хэмээн нэрлэгдсэн 150 гаруй улстөрчдийн оффшор дансны материалыг багтаасан “Диваажингийн баримт бичгүүд” шуугиан тарьж эхэллээ. "Парадайз пейпэрс"-ын мөрөөр 67 орны 400-аад сэтгүүлчид эрэн сурвалжилсан байна.  Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ)-аас дэлгэсэн нууц баримтад 50 орны 150 гаруй улс төрчид багтсан байна. Тус мэдээлэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинын хүргэнтэй холбогдох материал, Их Британийн Хатан хаан II Элизабетын нууц оффшорын талаар мэдээлэл орсон байна. Тус 120 гаруй улстөрчдийн оффшор дансны материалыг багтаасан 13.4 сая баримт бичиг дотор  Монгол улсын нэг  компани холбогдсон нь анхаарал татаж байна.

"Диваажингийн баримт бичгүүд" гэж нэрлэгдэж буй баримт мэдээлэл дотор Сингапурын бизнесмэн Лин Гоутой холбоотой баримт бичгүүд байгаа талаар хэвлэл мэдээллүүд дурьдсан байна. Хонконгийн эрэн сурвалжлах багийн мэдээлж байгаагаар Хятадын нэрт жүжигчин буюу бидний мэдэх "Хуанжу Гэг" кинон гол дүрийн жүжигчин Жао Вэйнгийн нөхөр Хуанг Юолонг нь оффшор компаниар дамжуулан Монгол дахь компанид 70 гаруй сая долларын хөрөнгийг 2011 онд оруулжээ.  Хуанг Юолонгийн хөрөнгө оруулсан Монголын компани нь “Мизү” ХХК  аж. “Мизү” ХХК нь  “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюссер асан П.Анужингийн экс нөхөр гэдгийг хүмүүс сайн мэднэ. .

Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн продюссер асан П.Анужингийн экс нөхөр Амалхааны Эрдэнэбат хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Асашёрюү Д.Дагвадоржтой “Мизу” компанийн хувь эзэмшил болон 10 сая ам долларын асуудлаар шүүхдэлцэж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийж байсан. Тухайн үед А.Эрдэнэбат  “Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө Монгол түмний хайр хүндэтгэлийн хүлээсэн сүмогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, тэд манай төслүүд дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчдыг надад танилцуулсан. Тэрхүү хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун буюу та бид түүний гэргий нь Хятадын алдарт жүжигчин Жао Вэй буюу “Хуан Жу Гэг”  нэрээр  мэдэх байх. Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Эрдэнэбат миний нэр дээр 10 сая долларын зээлийн гэрээ хийсэн. Уг мөнгийг Д.Дагвадоржийн банк болох ҮХОБ-аар дамжуулан оруулж ирсэн ч мөнгө бүтнээрээ Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн байдаг. Зээлийн гэрээг миний нэр дээр хийсэн ч миний бие ганц ч долларыг захиран зарцуулаагүй. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хууль бус томилгоо хийснийг Засаг дарга Д.Батсайхан өөрөө хүлээн зөвшөөрлөө

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж нутгийн иргэд Увс аймгийн Улаангом хотноо өчигдөр тайван жагсаал хийлээ. Тус тайван жагсаальд Увс аймгийн 16 сум болон 150 багийн иргэдийн төлөөлөл оролцож жагссан байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар бол Увс аймагт  60 тэрбумын жижигрүүлсэн хувилбар үүсч, мэргэшсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлж, ах дүү хамаатан саднаа эл албан тушаалд томилох байгааг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа аж.Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг эсэргүүцэж байгаа хэд хэдэн үндэслэл байгаа  аж. Тодруулбал,

  • Засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шүүхээс шийтгэгдэж байсан. Тэрбээр Увсын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Улсын яллагчаас ял ногдуулж анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасаж, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Ялтай хугацаа нь дуусаагүй байтал төрийн албанд эргээд томилогдсон аж.
  • Түүнийг ял шийтгүүлж, төрийн албан ажиллах боломжгүй байхад нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн жил Увс аймгийн Засаг даргаар томилсон байна. Энэ талаар манай сэтгүүлч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат таныг хууль бусаар томилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү хэмээн асуухад “Үнэн. Энэ асуудал дээр би маргахгүй” хэмээн шууд хэллээ. Үүнээс харахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө хууль зөрчиж, хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хассан, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн хүнийг шууд Засаг даргаар томилон ажиллуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Б.Ганхуяг: Намайг хөнөөлгөх захиалга өгсөн хүний ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байдаг

Монголчуудын дунд Улаан нэрээрээ алдаршсан БНХАУ-ын иргэн   Вү Зи Хон нь иргэн Б.Ганхуягийн амь насыг хөнөөлгөх захиалга өгчээ.Түүний хэвлэлд өгсөн мэдээллээр ийнхүү амь насанд нь санаатайгаар халдах болсон шалтгаан нь уул уурхайн лиценз эзэмших эрхийн маргаанаас болсон талаарх мэдээллийг өчигдөр нийтэлсэн. Энэ талаар иргэн Б.Ганхуяг болон захиалга өгсөн гэгдэх БНХАУ-ын иргэн Вү Зи Хон нар ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэе.

“БОСТ ИНТЕРНЭНШЛ” ХХК-НЫ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ: МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНЭЭ ХӨНӨӨНӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ГЭСЭН

-Таныг ямар шалтгаанаар амь насыг тань хөнөөх захиалга өгсөн гэж үзэж байна вэ?

-Монголчуудын дунд Улаан нэрээрээ алдартай  Вү Зи Хон гэх энэ хүн 2012 онд манай “Хажуу Улаан” уул уурхайн компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал тавьсан. Энэ дагуу лицензийнхээ нэрийг  “Эрдэнэт Хун” ХХК руу шилжүүлсэн.Тус компанийн захиралаар нь Вү Зи Хоны эхнэр Соёл-Эрдэнэ ажилладаг. Өнөөдөр тэр компани хангалттай хэмжээний ашиг орлого олж байгаа атал надад нэг ч төгрөг өгөөгүй байна. Харин ч эхнэр нь надад өгөх ёстой мөнгийг өгөлгүй захиалгаар “алуулъя” гэж ярьж байгаа  бичлэг нь шүүх дээр байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа намайг заналхийлж байсан.

-Өөрийг тань захиалгаар “хөнөөх”-ийг завдаж байгааг та яаж мэдсэн бэ?

-Вү Зи Хон нь шоронд удаан байсан Б.Наранбаяр гэх хүнд миний залуугийн үеийн зураг, гэрийн хаяг, утасны дугаар гээд бүх зүйлийг өгч намайг алах захиалга өгсөн байна. Ингэхдээ есөн сая төгрөг өгсөн байсан. Монгол хүний амь нас өнөөдөр prius автомашины л үнэтэй байна шүү дээ. Харин энэ хүн над руу  сар гаруйн өмнө холбоо барихдаа  “Монгол хүн монгол хүнээ хөнөөнө гэж юу байхав дээ. Харин Хятадыг бол чадна” гээд энэ талаар  надад хэлсэн. Тэр хүн хэдийгээр алдаж явсан ч би муу хүн биш гэж бодож байгаа.

-Хятад иргэнээс захиалга авсан Наранбаяр гэх энэ хүнийг та өмнө нь таньдаг байсан уу?

-Би огт танихгүй. Харин над руу өөрөө холбоо барьсан.

-Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн үү?

-Цагдаагийн офицер нь хүртэл Вү Зи Хон анддаггүй юм билээ. Энэ залилан үйлддэг этгээд шүү дээ гэж байсан.  Ер нь бол улс төр, хууль хяналтын байгууллагад их нөлөөтэй хүн юм гэсэн. Вү Зи Хон нь Монголын хууль надад үйлчлэхгүй гэж чангаар инээж байхад эсрэгээр нь над руу өмгөөлөгч нь уурлаж, Ү Жун Яныг өмөөрсөн. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ЦЕГ-ын халаа сэлгээний цаана 60 тэрбум нуугдаж байна уу

АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас сар бүр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, дүн шинжилгээ хийдэг. Энэ оны гуравдугаар улиралд хийсэн дүн шинжилгээний хариу гарсан байна. Авлигатай тэмцэх газар 2017 оны III улиралд 1,822 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүлээн авчээ. Үүнээс 7 болон 8 дугаар сард хүлээн авсан мэдүүлгийн тоо харьцангуй бага гэсэн дүгнэлт гарсан байна.

Ирүүлсэн мэдүүлгийн тоог байгууллагаар нь авч үзвэл:

Цагдаагийн ерөнхий газар 350,

Онцгой байдлын ерөнхий газар 71,

Хил хамгаалах ерөнхий газар 50,

Зэвсэгт хүчний жанжин штаб 46,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 43,

Гадаад харилцааны яам 42 мэдүүлэг тус тус ирүүлсэн нь хамгийн олон болж байна.

Тус дүн мэдээллээс харахад ЦЕГ-т хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн бол ОБЕГ-т хийгдсэн шилжилт хөдөлгөөн удаалсан байна.

Төрийн албанд энэ их хэмжээний хүнийг халж, сэлгэнэ гэдэг бол төрийн жинхэнэ албан хаагчийг тогтвортой ажиллуулах, Төрийн албаны тухай хуульд меррит буюу мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж байна.

Нөгөө талаар МАН-ын удирдлага болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  асан Ц.Сандуй нарын 60 тэрбумын бичлэг амьдрал дээр бодитоор хэрэгжсэн үү гэсэн хардлагыг төрүүлж байна. Тус 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах бөөндөх  талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  асан Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар хэлсэн байдаг.Тэр ч бүү хэл ширхэглэн зарах, тус бүрт үнэ тогтоосон байдаг. Тэгвэл энэ их халаа сэлгээний цаана 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн үү.  2017 оны III улиралд л гэхэд ЦЕГ-т 350 шинээр ажилд орохоор ХОМ-оо мэдүүлсэнийг ингэж хардах үндэслэл болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Даваазул: Замын цагдаагийн хяналт шалгалтаар өнөөдрийн байдлаар 192 зөрчил илрүүлээд байна

Цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар  улсын хэмжээнд “Тээврийн хэрэгсэлд  тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 156 иргэнд хуулийн хариуцлага тооцжээ. Энэ асуудлаар Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулаас тодруулав.

-Тээврийн хэрэгслийн тусгай дуут гэрэл дохиог зөрчих тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон. Хуулийн хүрээнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Засгийн Газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу аравдугаар сарын 30-ны өдрөөс гудамж талбайд явуулсан замын цагдаагийн хяналт шалгалтаар өнөөдрийн байдлаар 192 зөрчил илрүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу хуулийн хариуцлага  тооцож, мөнгөн торгууль ногдуулсан.  Ер нь бол та бүхэн мэдэж байгаа. Авто худалдааны төвүүдэд худалдаалдаг. Үүнийг хэн дуртай нэг нь авч замын хөдөлгөөнд давуу эрх эдлэх байдлаар зөрчил гаргах гэж  оролддог. Цаашид үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Замын цагдаагийн хяналт шалгалтаар тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй төрийн байгууллагууд хамрагддаг уу?

-Бид ЦЕГ-тай хамтран эрх бүхий найман байгууллагад өнгөрсөн сард шалгалт явуулсан. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Нийслэлийн төр захиргааны автобааз, Засгийн газрын автобааз, ИНЕГ-ын автобааз, ЦЕГ-ын автобааз зэрэг төрийн байгууллагын 1100  орчим тээврийн хэрэгслийг шалгаж, 102 зөрчил илрүүлэн нийт сая гаруй төгрөгөөр торгож хуулийн дагуу хариуцлага тооцсон.

-Тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй хичнээн тээврийн хэрэгсэл байна вэ?

-Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/62 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”  байдаг.  ЦЕГ-ын бүртгэл ажлын төвөөс өнгөрсөн онд 966 эрх бүхий аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл хүссэнээс 54-т нь олгоогүй. Үүнээс хойш дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар бид анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1412 тээврийн хэрэгсэл тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн үүнтэй холбогдуулан олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдээс ирсэн гомдолд хяналт тавьж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд төлөвлөгөө боловсруулж байна.

-Тусгай дуут болон гэрэл дохиог дахин дахин ашигладаг зөрчил илэрдэг үү?

-Дахин ашигласан зөрчил байхгүй. Гэхдээ бид Стандарт хэмжилзүйн газар, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран холбогдох санал хүсэлтээ хүргүүлсэн байна. Тусгай дуут болон гэрэл дохиог худалдаалах тал дээр анхаарна.

Д.Гантулга: Би ёсзүй зөрчөөгүй, сэтгүүлчийн асуусанд л хариулсан

УИХ дахь Ёсзүйн дэд хороо өнгөрсөн аравдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуралдсан. Тодруулбал, өмгөөллийн 'Веритас партнерс' ХХК-ээс УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан билээДээрх гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгвэл  Ёсзүйн дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Гантулга тайлбар хийжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга тайлбар өгөхдөө “Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан болно. Энэ хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш” гэсэн байна.

Сэлэнгэ аймагт нэгэн бүсгүйг 7 залуу 3 хоногийн туршид хүчирхийлжээ

Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл газар аваад байгаа. Хамгийн сүүлд гэхэд  Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Бизъяагийн Дашзэвэг 7 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэсэн мэдээлэл гарсан. Одоогийн байдлаар Бизъяагийн Дашзэвэгийг 1 сарын хугацаатай цагдан хорьж, шалгаж байгаа. Энэ мэдээлэл намжаагүй байхад Сэлэнгэ аймагт нэгэн бүсгүйг 7 залуу 3 хоногийн туршид хүчирхийлсэн аймшигт хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Бид энэ хэргийн талаар тодруулан эргэн мэдээллэх болно.

Баруун таван аймаг руу мялзангийн вакциныг илгээлээ

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь удаагийн вакциныг Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.Бог малын мялзан өвчний вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол  2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогдсон байна.Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд хийснээр мялзан өвчний дархлаа тогтож, өвчнийг таван жил хяналтдаа авах боломжтой.

Жолооч нарт зориулсан аппликейшн бүтээжээ

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт UBtraffic.mn аппликейшныг бүтээжээ. Үүнийг гар утсандаа татаж авснаар замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь харах,  явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой юм байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болох юм.  

 Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл