8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хеликобактер оношлуурыг эх орондоо үйлдвэрлэж, хүүхдүүдээ тамласан аав өршөөгдсөн өдөр

2016-01-20 18:57:00

Өнөөдрийн болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр буланг уншигч танд хүргэж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрох хуулийн төсөл өргөн өчигдөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг өнөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан боловч хурал цуцлагдсан. Тэгвэл уг хурал маргааш болохоор товлогджээ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөгөөнд оруулсан байна. Түүнчлэн өнөөдөр Ардчилсан намын ҮЗХ яг одоо төрийн ордонд хуралдаж байна. 


Цус ойртож буй Монголын улстөр


Сонгуулийн тов ойртож намууд хэн хаанаас нэр дэвшихээ албан ёсоор тодруулахаар намын дээд шатны хурлуудаа цагаан, ногоон сараас өмнө хийхээр төлөвлөөд байгаа аж. Эрх барьж буй Ардчилсан намын хувьд өнөөдөр төрийн ордонд  ҮЗХ-ны хурлаа хийнэ. Энэ хуралдаанууд бол зүгээр дүр эсгэсэн төдий зүйл болох юм. Учир нь хэн хаанаас аль намаас нэр дэвших нь тодорхой болсон. Зөвхөн үүнийг албан ёсоор баталгаажуулах аж. Монголчууд хүн ам цөөнтэй улс. Тиймдээ ч хүн бүр ярьдагаараа бол УИХ-ын хэлгүй улстөрчдөөс дутахгүй гэлцдэг. Сүүлийн жилүүдэд улстөрдөх цус ойртсон гэхэд болно. Учир нь улстөрчид ах, дүү, үеэл, хүүхдүүдээ улстөрд бэлдэх болсон. Эрт цагт аав нь хаан бол хүү нь аавынхаа суудлыг залгамжлан авч хаан болдог байсан. Харин ардчилалын үед хэдий өөрчлөгдсөн ч ихэс дээдэс өөрсдийн суудлаа хамгаалан хүүхдүүдэддээ үлдээх хүсэлтэй байдаг бололтой.   Ямартай ч цус нь ойртоод буй улстөрчид эх орныхоо төлөө бус харин гэр бүлийнхээ төлөө зүтгэх нь лавтай.Энд дарж уншина уу


Ё.Ядамсүрэн: Еэвэнгээр бус дугуй хэвийн боовоор идээгээ засвал зохимжтой


Монголчууд хахир хатуу өвлийг өнтөй давсаны баяр хэмээн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний билигт сайн өдөр айл гэр, хотол олноороо, амар мэндээ, мэндэлцэн, эцэг эх, ахан дүүсээ хүндэтгэн хүүхэд багачуудаа баярлуулж элбэг, дэлбэг сар шинийн баяраа угтдаг уламжлалтай билээ. Тун удахгүй 17-р жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байна. Айл өрх бүр сар шинийн бэлтгэл ажлаа базааж боов боорцог, буузаа хийж байгаа бизээ. Энэ их сар шинийн бэлтгэл ажлын үеэр сэтгүүлч миний бие Гандантэгчэнлин хийдийг зорьж сар шинийн хэвийн боов, боорцогийг хэрхэн хийдэг талаар сонирхож очсон юм.Энд дарж уншина уу.


Хеликобактер оношлуурыг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гарааны компани болох “Мон НР” Монголд 15-20 ам доллароор худалдаалдаг хеликобактерийн оношлуурыг үйлдвэрлэн, 5000 төгрөгөөр худалдаалж байна. Уг оношлуур нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн буюу гаднын оношлууртай адилхан үр дүнтэй аж. Манай эрдэмтэн судлаачид энэ оношлуурыг олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээсэн байна.


Их аварга Хакүхо өвдөг шороодлоо


Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд дууслаа. Өнөөдрийн гол барилдаанаар башёг нэг  унаагүй тэргүүлж буй  ёкозүна Хакүхо, озэки Котошогикү нарын барилдаан байсан. Тэгвэл уг барилдаанд их аварга Хакухо Даваажаргал өвдөг шороодож озэки Котошогикү давснаар башёг унаагүй тэргүүлж байна. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд сүүлийн арван жил япон бөх түрүүлээгүй байдаг. Японы иргэд озэки Котошогикүг түрүүлнэ гэдэгт  ихээхэн итгэл хүлээлгээд байгаа юм. 


“Юнивишн” шинэ багц хэрэглэгчдийн дургүйг хүргэж байна


“Юнивишн”анх гарч ирэхдээ дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо хэмээн өдөр, шөнөгүй авахаас өөр сонголтгүй болтол сурталчилдаг байсан. Тэгвэл “Юнивишн”ирэх сарын нэгнээс багцаа өөрчилжээ. Ингэхдээ хэрэглэгчдийнхээ интернэтийнхээ хэрэглээг хязгаартай болгожээ.Энд дарж уншина уу


Чежү осолдсон монгол залуусын ар гэрийнхэн тус улсыг зорьжээ


БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарсан.Тэгвэл осолд орсон хоёр залуугийн нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөөгийнх нь биеийн байдал тааруу, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.Тиймээс Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа манай Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорьжээ. Зам тээврийн хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. 


Хүүхдүүдээ хазсан эцэг өршөөлөөр суллагджээ


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон хэрэг гарсан билээ. Тэрээр ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьсон юм.Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг сар бүр хүүхдүүддээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч мөнгө өгөөгүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Өршөөлийн тухай хуулиар суллагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment