Улаан бурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон үүсэх шалтгаан нөхцөлийн талаар “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номноос Улаанбурхан өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
УЛААНБУРХАН ӨВЧИН
Тус өвчнийг улаанууд гэж нэрлэх бөгөөд улаануудын вирусээс үүсэх халдварт өвчин болно. Уламжлалт анагаах ухаанд нян халуун, цус болон шар усны халуун арьс маханд бууснаас үүсдэг хүүхдийн нэг зүйлийн халдварт өвчин болох бөгөөд бадган халууны чанараас болж өвөл хаврын улиралд илүү дэлгэрдэг юм. 6 сараас дээшх бага насны хүүхдэд халдварлаж, нэрвэгдэх нь олон байдаг бөгөөд нэг удаа өвчлөгсөд улаан бурхны дархлаа тогтож дахин халдварлахгүй болдог. Тус өвчнийг европ эмнэлэг дээр бас улаанууд гэж хэлдэг.
Тус өвчний үүсэх нь ерийн хижиг халуунтай адил бөгөөд голдуу нян халуун, шар ус цусанд бууснаас үүснэ. Тус өвчинд нэрвэгсэдтэй ойр байснаас өвчин халдварлах нь их байдаг. Үүнээс гадна тус өвчин бол бадган халуун чанартай тул өвөл, хаврын улиралд үүсч дэлгэрэх нь их.
Асуух шинжилгээ: Эхний үедээ хижиг тагшуурын шинж илэрч бие нь эвгүй оргих буюу даардас хүрч ханиах, найтаах, нүд нь гэрлээс дальдрах, нүд улайх, бие нь халуурах, хамраас нь шингэн нус гоожих, хоолны дуршил муудах, цог сүлдгүй болох, хөдөлгөөн хийх дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим нь бөөлжиж суулгана. Энэ үед тагшуураас ялгах нь хэцүү бөгөөд 2-3 өдөр нүд нь улайж нуухтах, нулимс гоожих, амыг нь нээж үзэхэд тагнайн дотор талд нь жижиг улаан юм гарсан нь харагдана. Зарим нь амны 2 завжинд нь будааны ширхэг шиг цагаавтар жижиг толбо гарсан байдаг. Эдгээр шинж тэмдэгээр тус өвчнийг бусад өвчнөөс ялган таних чухал шинж тэмдэг болно. Ингэсний дараагаар нүүр царайд нь эхлээд бэржгэр эсэргэнэ илрэхийн дагуу завьжин дахь нь алга болдог. Энэ нь бараг халдвар авсан өдрөөс эхлэн 2-3 хоногийн дотор илэрнэ. 4-6 хоногийн дараа тууралт гарах хугацаа болох тул энэ хугацаанд биеийн халуун нь ихсэж, амьсгал нь бачимдаж, бага зэрэг ханиах, хэл уруул нь хатах, хаг тогтох ба чихний ар, зулай, нүүр царайнаас эхлэн аажмаар цээжний хэсэг, 4 мөч болон бүх биед адил бус хэмжээгээр улбар өнгөтэй бэржгэр тууралт гарна. Бэржгэрүүдийн хооронд эрүүл хөрс харагдана. Энгийн байдалд эдгээр бэржгэр нь 3-5 хоногийн дотор бүрмөсөн гарч дуусах бөгөөд судал шээсэнд нь халууны шинж илэрнэ. 7-9 хоногт бэржгэр нь аажмаар эдгэрч үгүй болно. Бэржгэр нь арилвал өвчин даруй хөнгөрнө. Бэржгэр нь гарч дуусвал биеийн халуун нь аажмаар буурч өвчний шинж тэмдэг нь хөнгөрч, хоолны дуршил сайжрах ба бүх биеийн арьснаас нь цагаан хальс ховхорч унадаг. Энэ мэтийн байдал нь өвчин эдгэрсний гол шинж тэмдэг болно. Гэвч анхаарах нь, улаан бэржгэр илрэх хугацаанд хоол хүнс, үйл явдал буруудсанаас махбод хямрах, эсвэл тамир дорой зэргээс болж бэржгэр нь гүйцэт гарахгүйгээр гэнэт өвчин дахин илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол өвчин нь дотогшилж, амь насанд аюултай байдаг. Үүнээс гадна тус өвчинд тохирох сувилгаа хийгээгүйгээс хоол хүнс гам цээр буруудсанаас нүдэнд цагаа тогтох буюу уушгинд халуун нуугдах, хоолой хавдаж сөөх, суулгах зэрэг өвчин давхцаж архаг болно.
Үзэж шинжлэх
Хэлэн дээр нь шаравтар өнгөр сууж, шээс нь шаравтар өнгөтэй бөгөөд нүд нь улайж, арьсан дээр нь бэржгэртэй харагдана. Биеийн халууныг нь хэмжихэд өндөр байдаг.
Судлын лугшилт нь нарийн эрчимтэй байдаг бөгөөд биеийг нь тэмтэрч үзэхэд халуун байдаг.
Үүнийг эмчлэхэд голдуу эс боловсорсон халууныг боловсруулж бэржгэр болон халууныг гадагшлуулах зарчмыг баримтална.
Бадган халуун их бол мана-4 танг чанаж, өдөрт 2-3 удаа уулгана. Шарын халуун их бол шар танг чанаж өдөрт 2-3 удаа уулгана. Пурнаг-29 найрлагыг насны байдалд нь тохируулж 5-7 үрлийг эрдэнэ-7 тангаар хөлөг болгож өгнө. Бэржгэр илрэх нь удаан бол хасарбаани-5 танг чанаж уулгах буюу эсвэл хирсын эвэр, бөхөнгийн эврийг чанаж шүүсийг нь уулгавал маш сайн байдаг. Буцалсан ус сайн уулгах хэрэгтэй. Уушиг болон хоолойд халуун ихтэй бол жуган-3 найрлагыг өгөх буюу сорол-4 тан, 3 улааны танг /марву тан/ чанаж уулгана. Гэдсэнд халуун бууж, суулгах нь их бол баатар -7 найрлагыг бага хувиар уулгах буюу эсвэл тэмээний хөх-4 тангаар даруулж уулгана. Гэнэт бэржгэр нь дотогшоо буувал хасарбаани -5 найрлагыг өгөх буюу бугын ясан эврийг чанаж шүүсийг нь уулгана. Эсвэл пурнаг-29 найрлагыг хирсийн эвэр чанасан шүүсээр даруулж уулгавал даруй гадагшлах юм.
Шинэ хулсны үндсийг 30-50г сайтар чанаж, шүүсийг нь 50-100гр-аар өдөрт хэд хэдэн удаа уулгавал маш сайн. Халуун их бол догол өвсийг 30-50г чанаж уулгавал халуун буурч бэржгэр нь гадагшилна. Жижиг үзмийг 10-20 г нүдэж идүүлэх ба чанаж шөлийг нь уулгавал улаанууд гадагшлахад тустай.
Хэрэв халуурах нь их бол холимог Аспирин /АРС/-аас уулгаж болно. Үрэвсэл халуун их бол тохирох антибиотикоос хэрэглэнэ. Ханиах нь их бол чихэр өвсний хандыг витамин С-тэй өгч болно.