8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баттүвшин: Малчны зээлийн хүү буурснаар сая орчим төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө

2016-03-02 09:58:00

Малчны зээлийн хүү буурсан, цаашид зээлийн хүүг тогтвортой байлгах талаар Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшинтэй ярилцлаа.

-Энэ оны эхэнд Засгийн газраас жилийн 29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг 18 хувь болгосон.Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Засгийн газраас ирэх сард Төрийн банкны малчны зээлийн хүүг 10 хувь болгож бууруулна гэдгээ мэдэгдээд байна.Танай банкны малчны зээлийн хүү хэдэн хувь байсан бэ?Хичнээн малчин зээлтэй байгаа вэ?

-Монгол улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган малчин өрх нь арилжааны банкнаас малчны зээлтэй байна. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17,411 харилцагч байдаг,  үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгргөгийн зээлтэй. Учир нь сүүлийн жилүүдэд малын толгой тогтмол өсч өнгөрсөн онд Монгол улсын хэмжээнд 55.9 сая мал тоологдсон хэдий ч малчдын орлого буурч байгаа гэсэн дүгнэлт гарч байгаа.Учир нь малын гаралтай түүхий эдийн үнэ, жишээлбэл мах сүү, арьс ширний үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтаас шалтгаалаад сүүлийн хэдэн жилүүдэд буурч байгаа.Мөн энэ жил малчдын орлогын гол эх үүсвэр болох махны үнэ буурсан.Тиймээс Засгийн газраас малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж эхлээд байна.Энэхүү ажлын хүрээнд малчны зээл жигнэсэн дундаж хүү Төрийн банкинд 29.5 хувь байсныг бууруулаад байгаа юм. Тэтгэвэр болон цалингийн зээл 18 хувьтай байхад хөдөө, хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын зээл өндөр байгаа нь шудрага бус гэж үзээд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 90 тоот тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан.

-Малчны зээлийн хүү 18 хувь руу шилжлээ.Хэзээ 10 хувь руу шилжих вэ?

-2016 оны 2 дугаар сарын 22 өдрийн Засгийн газрын 113 болон 114 тоот тогтоолоор “Сайн малчин хөтөлбөр”-ийг “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хамт баталсан. Үүний дагуу Төрийн банкнаас 10 хувийн хүүтэй малчны зээлийг ямар шалгуур, шаардлага хангасан малчдад олгох талаар зарчим, схемүүд батлагдсан.Тийм учраас өмнө нь 18 хувьд автоматаар шилжсэн шиг бүх малчдын зээл автоматаар 10 хувьд шилжихгүй.Дэд хөтөлбөрөөр баталсан шалгуур үзүүлтийг хангасан малчид өмнө нь авсан 18 хувийн хүүтэй зээлээ хаагаад шинээр 10 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдэх юм.

-Тэгвэл 10 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?

-Малчин өрхийн хувьд 10 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд дараах гурван шалгуурыг хангасан байх ёстой.

Үүнд:1. Малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг байх

2. Эрүүл мэнд, Нийгмийн даатгал тогтмол төлдөг байх

3. Арилжааны банкинд Малчин данстай байх ёстой.

Ингэснээр Засгийн газраас малчдын эрүүл мэндийг хамгаалах, малаа эрүүлжүүлэн вакцин, туулгад тогтмол хамруулдаг, малчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай сайн малчдыг олноор бий болгох зорилгоор зээлийн хүүгээр хөшүүрэг хийн, дээрх шалгуурыг тавьж байгаа юм.Харин малаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаггүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалаа тогтмол төлдөггүй, малчин дансгүй малчид 18 хувийн хүүтэй зээлээ аваад явах нь нээлттэй байгаа.

-Малчны зээлийг олон банк олгодог.Гэтэл төр өөрийн банкаар дамжуулан зээлийн хүүгээ буурууллаа.Бусад банкуудад ч гэсэн ийм боломж бий юу?

 

-Тиймээ. Төрийн банкнаас гадна сумдад салбартай банкууд малчны зээл олгож байгаа.Саяхан ХААН банк малчны зээлийн хүүгээ 18 хувь болгон бууруулсан тухай баяртай мэдээ сонссон.Энэ нь зах зээлийн зарчмаар Төр өөрийн банкны хүүгээ бууруулах замаар зах зээлд өрсөлдөөн бие болгож ХААН банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс засгийн газрын уриалгыг хүлээн авсан гэж ойлгож байна.

-Тус зээлийг үйлдвэрлэл эрхэлж буй малчинд олгох боломжтой гэхээр хязгаарлагдмал юм шиг ойлгогдоод байгаа.Малчин бүр үйлдвэрлэл эрхлэгч болж тус зээлд хамрагдах боломж нь хэр байгаа бэ?

-Энэхүү зээл нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа зээл.Засгийн газрын томьёолсноор бол малчдын хөдөлмөрөөр малаас гарч байгаа мах, сүү, арьс шир нь малчдын үйлдвэрлэл эрхэлж байгаа хэлбэр гэж тодорхойлсон байгаа тиймээс ч цаашид малчид үйлдвэрлэл эрхлэх, бүтээмжээ нэмэгдүүлж нэмүү өртгийг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилт руу нь төрөөс дэмжиж байна гэж ойлгох нь зүйтэй.

-Зээлийн хүү буурснаар малчдад ямар үр өгөөж өгөх вэ?

-Мэдээж зээлийн хүү буурснаар малчдад ирэх зээлийн хүүгийн дарамт буурна. Мөн зээлийн дарамтыг улам бүр бууруулахын тулд “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 10 хувь болгон бууруулсан нь малчид бага хүүтэй малчны зээл авахыг хичээж дээр дурьдсан 3 шалгуурыг хангаж эхэлнэ. Ингэснээр мал эрүүлжих, экспортлох боломж гарч ирнэ.Түүнчлэн малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдснаар эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ авах боломжоор хангагдах давуу талтай. Мөн малчны зээлийг 18 хувь болгон бууруулсан арга хэмжээний үр дүнд Төрийн банк 4.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн бууралт хийж малчдыг төдий хэмжээний зээлийн хүүгийн дарамтнаас чөлөөлсөн, бусад банк одоо олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээгээ 18 хувь болгон бууруулвал 15.4 тэрбум төгрөгийн зээлийн хүү буурч, нийтдээ жилд 20.1 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамт малчдын нуруунаас хөнгөлөгдөх ач холбогдолтой. Мөн Энэхүү бодлого нь халамжийн хөтөлбөр бус хариуцлагатай, хөдөлмөрч малчдыг  дэмжих, хотруу чиглэсэн нүүдлийг сааруулах давуу талтай гэж ойлгож байгаа.

-Малчдын зүгээс хамгийн багадаа хэдэн төгрөгийн зээл авах нь элбэг байдаг вэ? Хэрвээ өмнөх 29.5 хувийн хүүтэйгээр зээл авах, одоогийн 18 хувийн хүүтэйгээр зээл авах, цаашлаад 10 хувийн хүүтэй зээл авах хоёрыг  мөнгөн дүнгээр харьцуулсан нэг жишээ тайлбарлаач?

-Төрийн банкнаас олгосон малчны зээлийн дундаж үлдэгдэл 2.3 сая төгрөг, бусад банкнаас олгосон малчны зээлийн дундаж үлдэгдэл 1.9 сая төгрөг байна. Хэрэв Төрийн банкнаас 29.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 5 сая төгрөгийн зээл авч байсан малчин өрх жилийн дараа нийт 6 сая 106 мянга 250 төгрөг төлөх байсан бол 18 хувь болсоноор 5 сая 675 мянган төгрөг, 10 хувь болсоноор  5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаран мянган төгрөг, цаашлаад сая түүнээс дээш төгрөгийн хүүгийн дарамтнаас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь нэг оюутны хагас жилийн төлбөртэй дүйцэх хэмжээний хэмнэлтыг малчин өрхөд бий болгох юм.

-Малчдын зээлийн хүү буурсан нь сонгуультай холбоотой юу?

-Төрийн банк бол Төрийн өмчит, Засгийн газрын харьяа банк, Засгийн газрын албан ёсны шийдвэрийн дагуу өөрийн банкинд ч эрсдэлгүй, харилцагчаа ч эрсдэлд оруулахгүй, санхүүгийн боломж бололцоондоо тулгуурлан зээлийн хүүгээ бууруулсан.Төрийн өмчит банкны хувьд хэт өндөр ашиг гэхээс илүүтэйгээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх зорилгоор маш сайн тооцоо судалгаатайгаар энэ ажлыг эхлүүлсэн.Тиймээс сонгуультай холбоогүй.

-Цаашид зээлийн хүү эргэн нэмэгдэхгүй байх тал дээр Засгийн газраас ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байгаа вэ?Хамгийн гол нь зээлийн хүү тогтвортой байх явдал шүү дээ?

-Засгийн газраас цаашид “Сайн малчин хөтөлбөр”-ийг “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хамт гаргаж ирсэн байгаа ба хөтөлбөрийн холбогдох санхүүжилтийг жил жилийн улсын төсөвт суулган цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Үе шатын хувьд эхлэлтийн үе 2016-2017 он, тогтворжилтын үе 2018-2020 он гэж тодорхойлсон.“Сайн малчин хөтөлбөр” нь бүхэлдээ махны, сүүний, ноосны, арьс ширний үйлдвэрлэлийг экспортын баримжаатай хөгжүүлэх, санхүүжилттэй уялдуулах шийдвэрүүд гарна.

 

Ц.ТАМИР

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
малчидаал харж үзэх юм олон жилийн зээлтэй төвийнхний амьдралыг харж үзэх бас хүүг буулгах хэрэгтэй биздэ
2016/03/02 103.17.108.42
Монгол
Дарга, захиралуудад ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ гээд шууд л 34-н их наядаар нь өршөөдөг, ЭГЭЛ ЖИРИЙН МАЛЧИН АРД ТҮМЭН, ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮДЭД зөвхөн хүүг нь бууруулж байгаа нь АРДЧИЛАЛ УУ? ШУДРАГА ЁС УУ? ЭРХ ТЭГШ ШУДРАГА ЗАРЧИМ УУ?
2016/03/02 103.17.108.42