Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйдумайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийсэн байна.
Нийслэлийн Амгалан амаржих газраас БНСУ-ын “RF Medical” төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд тус амаржих газарт хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус, тус сургасан байна. “Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь”сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Амгалан газарт зохион байгуулж, БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, “Кореа фарм” ХХК-ийн захирал Б.Бурмаа, “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллалаа. Сургалтанд Амгалан, Хүрээ амаржих газар болон ЭХЭМҮТ, Unimed, Орхон аймгийн “Медипас” зэрэг эмнэлгийн 15 эмч оролцжээ.
Энэ өдрүүдэд хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг нийт долоон үйлчлүүлэгчид амжилттай хийлээ. Уг эмчилгээнд Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа, Б.Хишигдаваа,мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар, БНСУ-ын “RF Medical” төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцсон юм.
Тус эмчилгээ нь умайн дотор талын салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэн салст давхаргыг некроз (үхжил) болгон цус алдалтыг зогсоож байгаа юм. Тиймээс умайн эмгэг цус алдалт /ойр, ойрхон олон дахин цус алдаж байгаа, даавар эмчилгээнд үр дүнгүй/, умайн салстын эмгэг зузааралтай, умай авахуулах хүсэлгүй, гэр бүл төлөвлөлтийн хувьд цаашид хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой эмчилгээ юм.
Харин биеийн байдал хүнд, судасны бөглөрөлтэй, эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлтэй, кесар мэс заслаас хойш дөрвөн жилийн дотор, умайн хөндий рүү түрж ургасан салстын доорх хоргүй хавдрын зангилаатай, умайн гаж хөгжилтэй, умайн салстын хорт хавдар салст давхаргын түвшнээс хальсан, цаашид хүүхэд төрүүлэх хүсэлтэй зэрэг тохиолдолд уг эмчилгээг хийхгүй аж. Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, эмнэлгийн ор хоног богино, өвчтний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд нийслэлийн Амгалан амаржих газраас цаашид уг эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.