8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Иргэн А.Цэенпилийн баримт хуурамч болохыг тогтоож, "Бээжин-2008”-ын тамирчдаас допинг илэрсэн өдөр

2016-05-19 18:32:00

Хүний нүдэнд ил харагдах, эсвэл хэчнээн гярхай хүн байлаа ч олж үзэхээргүй зүйлс амьдралд олон бий. Та, би түүний хажуугаар цөөнгүй өнгөрч байсан болов уу. Үүний нэгэн адил амьдралынхаа нэгэн сонин, содон дурсамжтай, алдаа оноотой хуудсыг эргүүлж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Гадаа хэдий бүрхэг, хүйтэн байгаа ч гэсэн та биднээс үргэлж бие биенээ гэсэн халуун сэтгэлээр аливаад хандах учиртай. Өнөөдөр улс төр, нийгэмд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Эрхэм та тоймоо хүлээн авч уншина уу.

Сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудад арга хэмжээ авахаа мэдэгдэв

ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын удирдлагуудад албан  бичиг хүргүүлээд байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Албан бичигт "Ирэх хичээлийн жилээс сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх бол энэ хичээлийн жил дуусахаас өмнө энэ талаарх албан ёсны мэдээллээ ШӨХТГ-т бичгээр хүргүүлэхийг сануулж байна" гэжээ.  Гэсэн ч өнөөдрийн байдлаар аль нэг их дээр сургуулиар төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг ирээгүй байна. Иймээс ШӨХТГ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэсэн ойлголттой байгаагаа дуулгалаа. Хэрэв  их, дээд сургуулиуд  ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд ШӨХТГ-аас  зохих арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдлээ.

Вакцинд хамрагдалт 52.1 хувьтай байна

Орон даяар энэ сарын 12-ны өдөр Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 52.1 хувь нь хамрагдсан байна. Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дундговь аймаг хамралтын хувиараа тэргүүлж, харин Завхан, Төв, Дорнод, Хэнтий, Баян-Өлгий аймгийн хамралт хангалтгүй байна. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

С.Алтантулга: Дэлхийд зорчигчидтойгоо “селфиддэг” хоёр хүний нэг нь би

Амьдрал тэр дундаа хүмүүс өөр, өөрийн өнгөтэй. Алдаа оноотой энэ амьдрал дунд  хамгийн тод гэрэлтэж, хийж бүтээж яваа нэгэн эрхэмийг энэ удаагийн зочноороо урьлаа. "Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ."гэсэн  сайхан үг байдаг. Яг л энэ үгийг бүрэн утгаар нь харуулж байгаа цахим хуудаснаа болон олон нийтэд “Нөгөө ах” гэдэг нэрээр нь түүнийг танина. Олон хүнд инээд хөөр, гэрэл гэгээг бэлэглэж чадсанаараа өнөөдөр энэ эрхэм хамгийн тод гэрэлтэж байна. Амьдралын төлөө өөрийн хүчээр тэмцэж яваа Нийтийн такси үйлчилгээнд үлгэр жишээ болж буй "Нөгөө ах" буюу С.Алтантулгатай ярилцлаа.

-Цахим ертөнцөөр таныг "Нөгөө ах" гэдгээр нь их хүмүүс таньдаг юм байна лээ. Юуны түрүүнд та өөрийг танилцуулахгүй юу?

-Намайг Сүрэнжавын Алтантулга гэдэг. Төрсөн газар бол Налайх. Налайх гэж  нэршсэн болохоос үндсэн нэр нь “Налуу ухаа” гэдэг газар байсан. Тухайн үед   хар алт Налуу ухаагаас олдоод хүмүүс маш ихээр шуурч эхэлсэн, тэр үед хүмүүс Налуу ухаа явнаа гэсээр байгаад Налайх болж хувирсан. Тэгэхээр миний төрсөн газар Налуу ухаа, өссөн газар Улаанбаатар.

-Танайх хэдэн ам бүлтэй вэ. Таны эхнэр ямар ажил хийдэг вэ?

-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр барилгад засал чимэглэл хийж байна. Хямралтай байна гээд компани цалин мөнгөө сайн өгөхгүй байна. Ийм байгаа учраас  ах нь гэр орноо тэжээгээд л авч явж байна. 2007 оноос эхэлж явж эхэлсэн, өнөөдрийг хүртэл 8 жил явсан байна. Дундаа 1 жил 8 сар завсарласан. Завсарласан үеээ эс тооцвол өнөөдрийг хүртэл тасралтгүй таксинд явж байна.

-Нууц биш бол таны өдрийн орлого хэдэн төгрөг вэ?

-Үнэхээр хямрал нөлөөлж байна. Гэхдээ 40, 50 мянган төгрөгөөс буухгүй. Олны танил болсон болохоор бас гайгүй хямралыг даван туулж байна. Хүмүүс цалин авахгүй болохоор ямар хүмүүс такси барих вэ ингээд бие биенээ дагаад л хямарч байна. Хямрал нэг үеэ бодоход цэгцрээд байгаа юм шиг санагдаж байна.. Сонгуулийн дараа ахиад ч хямрахыг үгүйсгэхгүй.

-Таны цахим хуудсыг үзэж байхад такси барьсан хүмүүстэй зургаа авахуулдаг юм байна. Одоо та хэдэн хүнтэй зургаа авахуулж байна?

-Суусан хүн болгонтой зургаа авахуулдаггүй. Зураг авахуулах дургүй, дуртай гээд янз бүрийн хүмүүс л орж ирнэ. Зарим зорчигч нар орж ирээд за зургаа авахуулна шүү гэх хүмүүс ч таарна. Ингээд хамт зургаа авахуулсан хүмүүстэйгээ альбом хийгээд явж байна.Энэ маш их сонин тохиолдол. Үйлчлүүлсэн хүмүүстэйгээ зургаа авахуулаад  альбом хийгээд явж байхад нэгэн үйлчлүүлэгч надад тодорхой хэлж байсан юм. Дэлхийн аль ч улсад таксины үйлчилгээ байдаг. Энэ хүмүүс дотроос заавал ард түмэндээ танигдсан содон буюу алдартай хүн байдаг гэж хэлж байсан. Тэрэнтэй адилхан монголоос бол “Нөгөө ах” та болчихлоо. Таны энэ ажилдаа дурлаж, үйлчлүүлэгчиддээ сайхан харьцаж байгаа байдал таныг олон түмэнд таниулж чадсан байна гэж хэлсэн.

Харин энэ хүмүүс дотроос үйлчлүүлэгч нартайгаа“селфиддэг” хүн дэлхийд хоёрхон байдаг. Нэг Хятадын алдарт  таксичин, хоёр дахь нь бол та шүү гэж хэлсэн.

Тэгээд би тэр Хятадын алдартай таксичиныг харлаа, маш олон хүнтэй зургаа авахуулсан, их гоё инээмсэглэдэг хүн байна лээ. Тэр хүн нийт 30 мянган хүнтэй селфи хийсэн гэж сонссон. Одоо тоо нь өссөн байхаа. Харин минийх одоо 1000 селфи болж байна.Селфи хийдгээрээ би монголдоо анхдагч болж байгаа юм. Би чинь 2012 оноос хойш л хүмүүст танигдаж эхэлсэн. Өдөрт 25-30 хүнд үйлчиллээ гэхэд 5, 6 нь л танихгүй байх жишээтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Б.Отгонсайхан: Шүд цоорох өвчин халдварт өвчний тоонд орсон

Сүүлийн үеийн судалгаагаар шүдний өвч­лөлийн 89 хувийг 5-6 насныхан эзэлдэг гэж гар­чээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвлөл их байгааг харуулж байна. Ингээд шүдний өвчлөлийн талаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн чанарын менежер, Нүүр амны ахлах зэргийн эмч Б.Отгонсайхантай ярилцлаа. 

-Танай төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?

-Нийслэлийн Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвөөр өдөртөө 300 гаруй хүн үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Статистик тооноос харахад эдгээр хүмүүсийн 60 буюу түүнээс дээш хувийг 0-16 насны эзэлж байна. Үлдсэн хувь нь насанд хүрэгчид.

-Эдгээр хүмүүсийн дунд ямар шүдний ямар өвчин эмгэг илүү зонхилж байна вэ?

-Шүд цооролт ба түүний хүндрэлүүд их байна. Шүд цоорох өвчин үүсэхэд үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, идэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаална. Мөн тухайн үений амьдарч буй орчин, амны хөндийн эрүүл ахуй, буруу, дутуу угаах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэргээс шалтгаалдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан.Учир нь эцэг эхийн шүлсэнд байгаа бактери, нян бага насны хүүхдэд халдах нь элбэг болсон. 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүд цоорох өвнийг халдварт өвчинд оруулсан гэсэн. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн шүд цоорох нь ихссэн гэсэн судал гарсан байна лээ? 

-Шүд цоорох өвчин сүүлийн үед ихэссэн. Энэ нь халдварт өвчин. Гэтэл иргэд үүнийг тэр бүр тоодоггүй. Цоорчихлоо авахуулна, зарим багахан тохиолдолд ирж эмчилгээ хийлгэхээр ирдэг. Шүд нь цоороод цөгц их өвдөлт өгсөн, цөгцний бүрэн бүтэн байдал алдагдсан, зарим тохиолдолд ёзоор болж өвдөж хавдсан тохиолдолд манайхан эмчид хандаж байна.Хүндэрсэн тохиолдолд 3 удаа бүр цаашилбал 4-5 удаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Зарим тохиолдолд шүдээ авахуулахаар өөр аргагүй. Тиймээс анхнаасаа л урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал. Мөн чихэрлэг хүнснээс зайлсхийх, цаг хугацааны хувьд давтамжтай, тогтмол амны хөндийгөө цэвэрлэж байх шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2000 оноос шүд цоорох өвчнийг халдварт өвчинд оруулсан. Учир нь эцэг эхийн шүлсэнд байгаа бактери, нян бага насны хүүхдэд халдах нь элбэг болсон. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийг хооллохдоо өөрсдөө зажилж, халбагыг амандаа хийх, уг нь газар унасан тохиолдолд аваад амандаа хийж байгаад өгдөг. Энэ нь тухайн хүний аманд байгаа нян дээрх зүйлсээр дамжин хүүхдийн шүд цоороход нөлөөлдөг. Ийм тохиолдолд манайд их гардаг. Ялангуяа эцэг, эхийн шүд өвчтэй тохиолдолд дээрх маягаар хооллобол хүүхдийн шүд өвчилдөг. 

-Урьдчилан сэргийлэх үзлэгт  иргэд хэр хамрагдаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа хувь нь харьцангуй бага. Хүндэрсэн хойно нь хүмүүс их ирдэг. Зарим нь бүр цоорсон хойно ирж эмчилгээ хийлгэж  нь дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь өөрийсдийгөө цаг зав, эдийн засгийн хувьд маш их хохироодог л доо. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байсан бол та өвчлөхгүй. Мөн эдийн засаг санхүүгийн нөхцөл байдалтай тулгарахгүй. Хамгийн гол нь та эрүүл байна. Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхэнд тогтмол үзлэгт хамрагдаж байх ёстой. Бага насны хүүхэд улирал нэг удаа, насанд хүрэгчид дор хаяж 6 сард нэг удаа үзлэгт байнга хамрагдаж байвал шүдээ эрүүл байлгах боломжтой. Мөн шүдээ зөв угааж хэвших хэрэгтэй. Дээд, доод шүдийг хэрхэн  зөв дараалалтайгаар угаах, өдөрт хэд угаах, ямар үед угаах ОО сойзоо хэрхэн сонгох зэргийг мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч түүнийгээ хэвшүүлэх нь хамгийн зөв урьдчилан сэргийлэх арга. Үүдэн хоёр шүдний хэмжээтэй адил урттай сойзыг сонгох хэрэгтэй. Хүмүүс ОО-гоо анхаараад сойзоо орхигдуулдаад  байдаг тал ажиглагддаг. Тиймээс эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Н.Батбаяр гишүүн Өр гэдэг үгийг өглөг гэж солих санал дэвшүүлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм.  Тэрээр танилцуулгадаа “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна” гэсэн юм. Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Онигоотой зүйл их болж байна. Батбаяр аа эхлээд чиний нэрийг бонд эсвэл өр, өглөг гэж өөрчилж болох уу. Ингэж завхруулж болохгүй. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг монголчуудын хэлж ирсэн үгнүүдийг өөрчлөх болох нь. Нэр томъёондоо бус энэ өрийг бид эргүүлээд төлнө. Хүнээс зээлж авсан юм чинь бид эргүүлээд төлж л таарна. Тоо хэмжээнд нь анхаарч, монголын эдийн засагт үзүүлж байгаа дарамтыг засах ёстой болохоос бус өрийг өглөг гээд биччихээр бүгд засагдахгүй шүү дээ. Тиймээс эдийн засгийн асуудлуудыг агуулгаар нь засч янзлах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн завхарлыг бид засах хэрэгтэй юм. Эдийн засгийн суурь үзүүлэлт муудсан. Үүнийг засах ёстой. Өрийг өглөг гэдгээр солино гэж байгаа нь улс орноор даажигнаад байгаа юм уу.Эдийн засагч мэргэжилтэй хүмүүсээр даажигнаад байна уу. Үнэхээр ойлгохгүй байна. Тэнэглэлд хязгаар бий. Тэнэглэл чинь байж болох бүх хязгаарын цаана гараад явчихлаа. Ийм маягаар улс орны эдийн засаг бодлогод хандахаа болих хэрэгтэй. Н.Батбаяр аа чиний тарьсан гай улс орныг дуусгаж байна. Эдийн засаг онол, зарчимтай. Тэрүүгээрээ дагаж хөгжиж явдаг болохоос хэдэн нэр томъёо өөрчилснөөр өрнөөс гарахгүй. Хамгийн эхлээд төсвийн алдагдлаа бүгдээрээ янзалъя л даа. Сүүлийн хоёр сарын дотор 750 сая ам.долларын зээл авчихлаа шүү дээ. Үүн дээр бодлогоо зөв болгож явах ёстой юм. Батбаяр минь чи өөрөө нэрээ бондоор сольж ав” гэлээ.

Б.Баатархүү: Иргэн А.Цэенпилийн баримт  хуурамч болохыг тогтоосон

Гааль татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв болон Цагдаагийн ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 400 сая төгрөгийн азтан гэж өөрийгөө тодорхойлсон А.Цэенпилийг цагдаагийн байгууллага байцааж 2.5 жилийн ял тулгасан гэх мэдээлэл ташаа болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдэгдлээ. Тэрбээр "Иргэн А.Цэенпилээс цагдаагийн байгууллага өмгөөлөгчийнх нь дэргэд тодруулга авсан. Харин ял тулгаж байцаасан гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ. А.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон байна. Тодруулбал, иргэн А.Цэенпилийн баримтыг шалгахад QR код нь 100 төгрөгийн уут авсан баримт болохыг тогтоожээ. Харин 400 сая төгрөг тохирсон баримт бол 19 мянган төгрөгөөр хийсэн худалдан авалтын баримт” гэв.

"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийнхөн хятад иргэнээс 30 сая төгрөг авсныг тогтоолоо

"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас бусдыг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Тэд хятад компанийн эзнийг айлган сүрдүүлж, дарамталж 30 сая төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байна. "ЭЦГ-аас "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн Ж-г хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй байгаа. Иймд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 149, 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагааг үргэжлүүлж байна" гэж эх сурвалж мэдэгджээ. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна. 

Шуурхай: Ц.Золбоо: Автобусаа шатаана

Яг одоо III, IV хороололд Алтан төгрөгийн vvдэнд Ц.Золбоо гэдэг залуу, эсэргvvцэл илэрхийлж байна. Учир нь тэрбээр хөдөлгөөнт кофе шоп ажиллуулахаар төлөвлөж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа ч холбогдох газрууд зөвшөөрөл өгөлгүй дөрвөн жил болсон гэнэ. Тэрбээр "Энэ их хурал буухаасаа өмнө чадахаараа гудамжинд бизнес эрхэлж буй ард иргэдийг дэмжсэн хууль баталж өг" гэсэн уриа лоозон барьж зогсож байгаа бөгөөд автобусаа шатаана гэдгээ мэдэгджээ. 

1072 хувьцаатай холбогдсон цуурхал тараасан этгээдийг илрүүллээ

Тавантолгойн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрөгч сард нийслэлийн хэд хэдэн бүсэд иргэд олноороо цугларч хувьцаагаа худалдах оролдлого хийцгээсэн. Энэ тухай ташаа мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулах болно гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнд "Дархан Монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь иргэдийн 1,072 ширхэг худалдан авч байна гэх худал цуурхал тараасан болохыг олж тогтоожээ. Тэрбээр өөрийгөө Монголын Залуучуудын Холбооноос явж байна гэж танилцуулан 1,072 ширхэг хувьцааг худалдаж авна хэмээн цуурхал тараасан аж. Түүнийг ямар зорилгоор цуурхал тараасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

"Бээжин-2008” олимпод оролцсон 31 тамирчнаас допинг илэрчээ

Олон улсын олимпийн хороо "Бээжин-2008” олимпод оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээнээс допинг илэрснийг зарлажээ. ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийсэн байна. “Рио-2016”-д оролцох эрх авсан 454 тамирчны Бээжингийн олимпод оролцохдоо өгсөн сорьцыг дахин шинжилж, тухайн үед баригдаагүй өнгөрсөн 31 тамирчинг илчилсэн байна. Эдгээр 31 тамирчны нэрийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд шинжилгээний хариуг дахин нягталсны дараа олон нийтэд мэдээлэх аж. Хэрвээ дахин шалгалтад 2008, 2012 оны олимпоос медаль авсан тамирчин бүдэрвэл амжилтыг цуцалж, медалийг нь удаах байрт шалгарсан тамирчинд олгох гэнэ. Мөн ОУОХ “Лондон-2012” олимп, “Сочи-2014” олимпт оролцсон 250 тамирчнаас сэргээшийн давтан шинжилгээ авсан бөгөөд хариуг нь удахгүй зарлах аж. Дашрамд дуулгахад, тамирчид  тэмцээний үеэр сэргээш хэрэглэснээ нуух боломж байдаггүй юм байна. Учир нь тэднээс авсан сорьцыг 10 жил хадгалж, нягталж шалгадаг юм байна.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд тань амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment