8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголчуудын өрсөлдөх чадвар буурч, Солонгосын зартай хулгайч монголын баячуудын үнэтэй бурханг хулгайлсан өдөр

2017-01-19 18:38:00

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс цаг агаарын сэрэмжлүүлэг хүргэж байна. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх төлөвтэй байгаа аж. Ойрын хэдэн өдрүүд хүйтрэх учраас та бүхэнд хэрэгтэй зөвлөгөө хүргэх гэж байна. Гадаа хүйтэрч, ид "тачигнаад" эхлэхээр хамгийн түрүүнд хөл даардаг.Хөл даарснаар цусны эргэлт удааширч, ханиад томуу тусах, хоолой өвдөх бол энүүхэнд. Тэр дундаа хөлнөөсөө даарсан л бол цистит хөдөлдөг гэмтэй. Ялангуяа ажлаа тараад автобус, унаа хүлээж байх зуур эсвэл цэвэр агаарт зугаалахад хөл хамгийн их даардаг.
Тэгвэл хөлөө хэрхэн дулаан байлгах вэ?
Танд өвлийн гутал, хайч, маркер буюу тэмдэглэгээ хийх үзэг, дулаан ойлгогч материал хэрэг болно. Тугалган цаастай дулаан ойлгогч материал нь дурын аль ч барилгын материалын дэлгүүрт худалдаалагддаг. Гуталныхаа улавчийг гаргаж тугалган цаастай материал дээрээ тавьж маркераар хүрээлж зуран хэмжээ авна. Зурсан хэвээр нь хайчлан дулаан ойлгогч улавч бэлэн болно. Үүнийгээ гутлан дотроо хамгийн доод хэсэгт нь байрлуулан дээрээс нь гуталныхаа улавчийг тавина. Ингээд л хөл даарахаас айхгүй боллоо. Амархан байгаа биз. Та энэхүү аргыг заавал хэрэглээд үзээрэй. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Гадны хэвлэлд: Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тэг хувьтай гарч магадгүй

Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах нэг гарц гэгдээд буй "Стэнд бай" (Stand by) хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг судлахаар ОУВС-гийнхан манай улсад өнгөрсөн сарын эхээр ирсэн билээ. Тус сангийн техникийн багийнхан Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, тодорхой хэлцлүүдийг хийсэн билээ.

Сарын өмнө ОУВС-гаас техникийн багийн ажлын дүгнэлтийг нэгтгэж, манай улсад тавих ерөнхий шаардлагаа боловсруулснаар хоёр тал дахин хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн хүлээлт үүсээд байсан. Тэгвэл ОУВС-гийнхан маргааш дахин манай улсад ирэх гэж байна. ОУВС-гийн зүгээс төсвийн алдагдлыг танах, халамж болон ипотекийн зээлийг зогсоохыг Монголын Засгийн газарт зөвлөж байгаа. ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стэнд бай хөтөлбөр бий.“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр. Одоогоор манай улс аль хөтөлбөрт хамрагдах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд маргааш энэ асуудал тодорхой болж магадгүй аж. 

Манай улсын эрх баригчид эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах авралын гарц нь "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэмээн үзэж байгаа. Монголчуудын эдийн засгийн уналт гадны улсын анхаарлыг маш ихээр татаж байгаа. Саяхан манай улсын эдийн засгийн талаар  "Forbes" http://www.forbes.com сэтгүүлийн эдийн засгийн шинжээч  Ральф Женнингс монголчуудын хямралын талаар нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлд “Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголыг хямралд орууллаа" гэсэн утга бүхий нийтлэл байсан бөгөөд Монголчуудын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь Хятадын эдийн засаг хэмээн онцолсон байна.

Мөн үүнээс гадна тус нийтлэлд 2017 онд Монголын эдийн засгийн байдал нь сайжрахгүй, ард иргэд нь хямралд өртсөн хэвээр байна. Эрх баригчид нь эдийн засгаа сэргээх дорвитой арга замын эрлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

У.Мөнхтамир: Бүтээл хийлгүүлье гэж ирсэн хүмүүс эхэндээ жаахан хүүхэд чадах болов уу гэсэн хандлагатай байдаг

"Бүтээл хийлгүүлье гэж ирсэн хүмүүс эхэндээ жаахан хүүхэд чадах болов уу гэсэн хандлагатай байдаг. Харин хийсэн бүтээл­үүдээ харуулаад, ярилцаад ирэхээр хандлага нь их өөр болдог" хэмээн ярих энэ хүүг Уртнасангийн Мөнхтамир гэдэг. Тэрбээр уран сийлбэрчин мэргэжилтэй бөгөөд монголдоо анхдагч гэж хэлж болохоор том хэмжээний зохиомжит уран сийлбэрийг оюутан байхдаа урлаж байжээ. Ингээд У.Мөнхтамиртай уран сийлбэр мэргэжлийн талаар болох хийсэн бүтээлүүдийнх нь талаар ийнхүү ярилцсанаа хүргэе. Дашрамд дуулгахад У.Мөнхтамир нь 20 настай хэдий ч уран сийлбэрийг гаргууд сайн эзэмшиж, найзтайгаа нийлж өөрсдийн урланг нээгээд байгаа аж.  

Монголын түүх болон соёл, уран сийлбэрийн урлаг, сийлбэрчдийн чадвар, чанар чансааг дэлхийд таниулах миний зорилго, мөрөөдөл  

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  

-Намайг Уртнасангийн Мөнхтамир гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрж өссөн. 2011 онд есдүгээр ангиа сумандаа төгссөн. Хотод орж ирээд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн Уран сийлбэрийн ангид орж 2013 онд төссөн. Уран сийлбэрчин мэргэжилтэй.

-Танай аав дархан хийдэг хүн гэж сонссон. Тэгэхээр өөрийг чинь сийлбэрчин болоход нөлөөлсөн болов уу гэж бодож байна?

-Би багаасаа л урлаг, их сонирхдог байсан. Тэр дундаа уран зураг. Эхэндээ зургийн ангид элсэх бодолтой байсан. Яг мэргэжлээ сонгохдоо уран сийлбэрийн ангийг сонгосон. Энэ ангид уран зураг, баримал, хар зураг гээд л бүх төрлийн хичээл ордог. Мөн манай аав надад их нөлөөлсөн. Миний аав алт мөнгөний дархан хийдэг. Багаасаа л энэ төрлийн зүйл харж, үзэж өссөн болохоор мэргэжлээ сонгоход нөлөөлсөн.

-Мод, чулуугаар бүтээл урладаг олон хүн бий. Энэ хэрээр бүтээлээ урлаж буй төрөл нь өөр өөр.  Уран сийлбэрийн онцлог, ялгаатай тал нь юу бэ?

-Уран сийлбэр гэдэг өөрөө дүрслэх урлагийн нэг төрөл. Дүрслэх урлагийг дотор нь уран  зураг, зураасан зураг, хар зураг, уран баримал, уран сийлбэр гэж ангилдаг.  Уран сийлбэрийн гол материал нь мод. Чулуу, ясаар сийлбэр хийж болдог. Миний хувьд мод, чулуугаар түлхүү уран сийлбэр хийж байна. Сийлбэрийг хасах урлаг гэж нэрлэдэг. Яагаад гэвэл сийлбэрийг зорж хасаж хийдэг онцлогтой.  Харин баримал бол нэмж шавж хийдэг гэх мэт ялгаатай болон онцлогтой талууд бий.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Ундармаа: Би архи уудаггүй 

УИХ-ын гишүүн Б.Ундармааг чуулганы хуралд согтуу суусан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулахад “Эмэгтэй гишүүд парламентдаа манлайлагч үүрэгтэй байх ёстой гэж бид ярилцдаг. Ер нь байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр дутуу мэдээллийг авч их цацаж байна. Би иймэрхүү юмыг тоодоггүй. Би архи, дарс огт хэрэглэдэггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Уусан ч найз нөхдийнхөө хүрээнд вино ууна уу гэхээс биш хатуу дарс хэрэглэдэггүй. Тэр өдөр Н.Амарзаяа гишүүн намайг хажуудаа суучих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маш богинохон хугацаанд асуудал яриад босохын зуурт энэ бичлэгийг сошиалд тавьж байна. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Мөн гишүүдийн нэр төрд халдаж байна. Хэн, хаанаас тавьж байгааг бид мэдэж байгаа. Энэ бичлэгүүдийг сэтгүүлч тавьж байгаа. Тэр сэтгүүлч залуу хүнийхээ хувьд гоомой юм хийсэн байх, эрх биш уучлалт гуйх байлгүй дээ. Өнөөдрийн парламент дахь 13 эмэгтэй маш хариуцлагатай ажиллаж байгаа. Бид байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр янз бүрийн авир гаргадаггүй. Магадгүй бид маш их ажиллаж байгаа байх. Өдрийн цайндаа орж амжилгүй ажиллаж байна. Асуудлыг сонсож нухацтай ажиллаж байгаа” гэлээ. 

Солонгосын зартай хулгайч "Гацуурт"-ын Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэтэй бурхан хулгайлжээ

Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарсан байна. БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн байна. Тэрбээр нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн аж. Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа гэнэ.Одоогийн байдлаар 20 гаруй бурхан хулгайлсан нь тогтоогдсон байна. 

ДЭЗЧ: Монголчууд олон улсад өрсөлдөх чадвараараа доогуурт жагслаа

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас дэлхийн улс орон бүрийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гарган танилцуулдаг. 2016 онд гаргасан үзүүлэлтээр Монгол улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 138 орноос 102-т жагсжээ.

Тус шалгаруулалтыг долоон үндсэн үзүүлэлтээр гаргадаг. Үзүүлэлт тус бүрээр тооцон харвал:

  1. Ажлын байран дахь сургалт, дадлагаар 112 дугаарт орсон нь Монгол улсын хувьд хамгийн муу үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг Швейцарь улс тэргүүлсэн.
  2. Сүүлийн үеийн технологийн нэвтрэлтээр 96 дугаарт орсон байна. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  3. Төрийн байгууллагуудын чадавхиар 91 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  4. Боловсролын чанараар 79 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтээр Сингапур улс дэлхийг тэргүүлжээ.
  5. Эрх баригчдын бодлого шийдвэрийн ил тод байдлаар 72 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ төрөлд Сингапур улс дэлхийд тэргүүлсэн.
  6. Инновацийн чадавхиар 57 дугаар байрт орсон нь хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг болжээ. Энэ төрөлд Швейцарь улс дэлхийг тэргүүлж байна.
  7. Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаарт орсон нь бас нэг сайн үзүүлэлт. Энэ төрөлд Мозамбик улс дэлхийд тэргүүлжээ.

Өнгөрсөн жил Монгол улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 104-д жагсаж байсантай харьцуулбал бид байрнаасаа дээшилсэн үзүүлэлт гарсангүй. 

"Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор МАН-ын газрын даргаар томилогджээ

Өнгөрсөн намар Барилга, хот байгуулалтын сайдад нэр нь яригдаж байсан "Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор МАН-ын газрын даргаар томилогджээ. Түүнийг сайдаар томилохоор яригдаж байх үед Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн учраас материалыг нь буцаасан. Мөн олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл Д.Өнөрболор нийгэм, эдийн засаг бодлогын газрын дарга А.Ариунзаяагийн ажлыг авсан байна. А.Ариунзаяа 2013 онд намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын даргаар анх томилогдож байсан бөгөөд 2016 оны долдугаар сард Үндэсний статистикийн хорооны даргаар сонгогдож, ажлаа хүлээн авсан юм. Тиймээс түүний оронд Д.Өнөрболорыг томилжээ.

МАН-ын Удирдах зөвлөх энэ сарын 17-нд буюу өнгөрсөн мягмар гаригт зарим томилгооны асуудлаар хуралдсан юм. Энэ үеэр уг томилгоог хийжээ. 

Эмэгтэй гишүүдэд биеэ авч явах хичээл заая

УИХ-ын түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн чухал байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн сонгуулиар төрд төлөөлөх 13 эмэгтэй гишүүнд итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь манай эмэгтэй гишүүд хийсэн ажлаараа бус биеэ авч явах соёл, ёс зүй, бусад йлдлээрээ олны шүүмжлэлийг хүртэх нь олонтаа боллоо.

Өнгөрсөн намар гэхэд л БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жүний урилгаар эмэгтэй гишүүдийн төлөөлөл тус улсад айлчлахдаа албан ёсны арга хэмжээнд оролцохдоо зохисгүй хувцасласан нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан билээ. Наймаа хийдэг хар захын авгайчууд ч албан ёсны арга хэмжээнд ингэж хувцастайгаар оролцохгүй хэмээн ард түмэн нэлээд ширүүн шүүмжилсэн. Эмэгтэй гишүүдийн соёлгүй, биеэ авч явах чадваргүй үйлдэл үүгээр зогссонгүй. Саяханы нэг өдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаа чуулганы танхимд  "согтуу" суусан байж болзошгүй бичлэг цахим ертөнцөд цацагдсан. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны дундуур орж ирэхдээ суудлаа "арай хийн" олж харагдсан. Будилж, будилж суудлаа олсон тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үг хэлж байсан Н.Амарзаяа гишүүний юу ярьж байгааг ч ойлгосон шинжгүй байв.  Энэ удаагийн парламентад багтсан олон бизнесмэн гишүүдийн Б.Ундармаа хатагтайд улс орны асуудал чухал биш гэдгийг  энэхүү бичлэг нотолж өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг батлах боломжгүй

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байна.

2016 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль явуулж дууссаны дараа сонгуулийг зохион байгуулдаг сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн талаасаа ч, зохион байгуулалт талаасаа ч олон хүндрэлийг дагуулж байна гэсэн хууль зүйн тайлбар, үндэслэл бүхий хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Үүний дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд, үүн дотроо УИХ дахь МАН, АН-ын нэр бүхий гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн тухай хуулиас салгаж, өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн олон зарчмын зөрүүтэй саналууд гарч, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн зүгээс, улс төрийн намуудаас ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаж хэлэлцэж байгаа асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас бид хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг өчигдөр бүлэг дээр хэлэлцсэн юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-д заасныг үндэслэн, гурван  үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, өнөөдөр хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хуулиа өөрчилж эргүүлэн татдаг болох хэрэгтэй.
УИХ-ын танхим хэн нэгний дадлагын газар биш ээ. Үнэхээр буруутай бол шууд эргүүлэн татах л хэрэгтэй. Ер нь энэ парламентад "сураггүй" гарууд цөөнгүй бий шүү.
2017/01/19 151.159.104.137
+18
http://Cash4Visits.com/ref.php?refId=344534 линкээр ороод Монгол +18 үз.
2017/01/19 112.72.12.85
Оюу
Одоо заагаад яахав дээ. тэгээд ч заадаг газар мөн үү. Зүгээр л огцруул, тэр саналаа өгсөн хүмүүс нь.
2017/01/19 202.179.23.92