8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Солонгосын визний журманд өөрчлөлт орж, Татварын тайлангийн хугацааг сунгасан өдөр

2017-02-15 18:40:00

Ойрын хэдэн өдрүүдэд нийт нутгаар цаг агаар хүйтэрч цасан шуурга шуурах талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.    Хавар цаг ирэхээр төв Азийн эрс тэс уур амьсгал бүхий манай оронд халуун хүйтэн хоёр агаар зөрчилдөн тэмцэлдэж, нэг дулаараад л, нэг хүйтрээд л байдаг. Түүнийгээ дагаад хүн зоных нь сэтгэл санаа ч гэсэн нэг л хуйсгануур, олон ааштай, өөрөөр хэлбэл Синдромын шинжтэй болж эхэлдэг. Хавар болохоор таньдаг мэддэг хүмүүс гэнэт уурлах эсвэл баярлах гэх мэтээр санаанд оромгүй авир гаргаад эхлэхээр бүгд “Нөгөөхийн чинь хаврын синдром нь хөдөлчихөж” гэцгээдэг. Эсвэл өөрийнх нь нойр их хүрээд уцаарламтгай, гомдомтгой болоод үе үе хэнгэнэтэл санаа алдаад ирэхээрээ “Нөгөө хаврын синдром нь энэ юм байлгүй” гэцгээнэ. 

Мөн үүнээс гадна хавар болж өдөр уртсаад ирэхээр генийн санах ой нь сэргэж, илүү их ажиллана, идэх юм хайх хэрэгтэй болно. Үр дүнд нь хүн өөрийн мэдэлгүй л уцаартай, бухимдуу болно, турна. Мэдээж, эдгээр шинж тэмдэг заримд нь маш хүчтэй, заримд нь сул, бараг илэрдэггүй шахуу. Тэгэхээр яах ёстой вэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хоол идэх дур сайн байдаг болохоор бага, багаар ойр ойрхон идэх хэрэгтэй. Мэдрэлийг хэт өдөөдөг өтгөн цай, кофе, утсан мах, хиам, халуун ногоо гэх мэтийг хэтрүүлэн идэх хэрэггүй. Нойроо гүйцэд авч байх хэрэгтэй. Өдрийн цагаар болж өгвөл цаг, цаг хагас унтаад авбал сайн. Та ядарч сульдаад байгаа бол дээрхи аргыг туршаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

FAO: Мялзан төст өвчинийг таслан зогсоохгүй бол Евроази тив тэр чигтээ өвчилж, Монгол өртэй хоцорно

Таван хошуу малаар дамжиж, халдварлалаг онц ноцтой өвчний нэг бол PPR буюу мялзан төст өвчин юм. Мялзан төст өвчинөөр өвчилсөн мал, амьтаны 90 хувь нь устдаг аюултай. Тэгвэл тус өвчинөөр Монголын ховордсон амьтад өвчилж, мянга, мянган бөхөн устаж, үгүй болох аюул тулгараад байна. 

Монгол улсын нутаг дэвсгэрт амьдардаг татар монгол цуст бөхөний 10 хувь хээр, талаар сүрэглэн амьдардаг аж. PPR (Peste des Petitis Ruminants) буюу мялзан төст өвчинөөр өвчилсан бөхөнгийн үхсэн сэг, зэм Ховд аймгаас олдсон бөгөөд нийт өвчилсөн мал амьтдын 90 хувь нь үхэж, халдварладаг аюулт өвчин аж. 

АНУ-ын Хоол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Амьтдын эрүүл мэндийг хамгаалах байгууллагаас мялзан төст өвчиний тархалтыг зогсоох, эдийн засаг, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг 2030 он хүртэл дагаж, мөрдүүлэхээр ажиллаж байна. 

Дэлхий дахинаа 2,1 тэрбум жижиг хивэгч амьтад амьдардаг бөгөөд тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас хамааран амьтдын дадал, хэв шинж өөрчлөгдөж хувьсаж байдаг. Мялзан төст өвчний тохиолдол анх 1940 онд Зааны ясан эрэг улсаас гарч байв. Харин одоо дэлхийн 75 улсад тархсан аюулт өвчин болж хувираад байна. 

2015 онд Казакстаны газар нутагт олон мянган бөхөн, хивэгч амьтад ихээр үхэж байжээ. Дээрхи амьтад хээр талын экологийн бүсэд амьдардаг тул хоолоо хувааж, идэж, өвсний хамгийн шим тэжээлтэй хэсгийг сонгон иддэг ижил зуршилтай. Казакстан мялзан төст өвчиний тархалтыг зогсоох, эдийн засаг, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн бүс нутгийн экологийн бүс орчимд шинжилгээ хийж, тухайн бактерийг үгүй болгох ажлыг эхлүүлж байжээ. 

Бөхөн нь зөвхөн МОНГОЛ улсад амьдарч, нүүдэллэдэг амьтан биш юм. Евро Азийн 130 мянган ам дөрвөлжин газарт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан нүүдэллэдэг “цагаач” амьтад юм. 

-Мялзан төст өвчин Монголд дэгдэх болсон шалтгаан-

2016 оны есдүгээр сард Монгол улсад мялзан төст өвчний тохиолдол бүртгэгдэж, нэг айлын хонь, ямаа их хэмжээгээр үхсэн явдал гарсан. Шинжээчдийн багийн таамаглаж буйгаар БНХАУ-аас хээрийн амьтадаар дамжин орж ирсэн байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. 

Одоогийн байдлаар Монгол улсад 45 сая толгой хивэгч амьтад буюу хонь ямаа амьдардаг. Эдгээр амьтад малчин ард иргэдийн амьдралыг залгуулж, Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Эдгээр амьтдаас гарах ашиг шим, амьтдын бүтээгдэхүүн сүү, цагаан идээ, махыг нь амьдаар нь гадаадад гаргаж, нийлүүлдэг. Мөн сайн чанарын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Иймд олон мал үрэгдэж, үхэх нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болох юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Онцлох 30 ишлэл: Иргэдийн мэдээлэл дутуу, хойрго хайхрамжгүй зангаас 120 орчим сая талон хаягджээ

Манай эдийн засаг  тэг рүү тэмүүлэлтэй байгаа боловч 2016 оны татварынх нь бүх орлого биелсэн төдийгүй зарим төрлөөрөө бүр давж биелсэн нь амжилт юм. Татварын системийн өөрчлөлт нь бизнесийн эрүүл орчин бүрдэхэд нөлөөллөө. Татварын систем нь иргэнд ажил хийх бололцоо олгодог, хувийн өмчийг хамгаалдаг. НӨАТ-ын урамшууллын системийн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл нийт 610 мянган иргэн улсаас 32 тэрбум төгрөг буцаан авна.
  2. Улсын хэмжээнд 2016 онд 203 сая талон хэвлэгдсэн байна
  3.  77 сая талон нь компьютерт шивэгдсэн байна.
  4. Иргэдийн дутуу мэдээлэл, хойрго хайрхамжгүй зангаас 120 орчим сая талон хаягджээ.
  5. НӨАТ-ын баримтаа бүртгүүлээгүйгээс иргэд 60 тэрбум төгрөг авах байсан нь улсын орлого боллоо.
  6. Урамшууллын сугалаанд 22 тэрбум төгрөг төсөвлөсөн
  7. Урамшуулалд ердөө 3.7 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  8. Урамшуулалд зориулагдах байсан 18 тэрбум төгрөг улсын орлого болжээ
  9. НӨАТ-ын урамшууллын тохирлыг жилд 18 удаа зохион байгуулжээ
  10. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулснаас 21000 иргэний гүйлгээ буцаагдсан байна.
  11. Манай улсын ДНБ-ийг 28 их наяд гэж үздэг.
  12. Тэгвэл НӨАТ-ын талон 36 их наяд бүртгэгдсэн байна.
  13. Татвар орлого нь биелсэн харин эдийн засаг нь уналттай байна
  14. НӨАТ-ын зөв системийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжийн санхүү татварын тайлан, өмч ил боллоо
  15. НӨАТ-ын бүртгэлээр дамжуулаад аж ахуйн нэгжийн орлого ил болсон.
  16. Гаднаас өндөр үнэтэй бэлэн программ аваагүй.
  17. Монголын 46 программист залуу НӨАТ-ын системийг бий болгосон.
  18. Одоогоор инноваци технологийн салбарт нэвтэрсэн цор ганц ололт боллоо.
  19. Анх 2005 онд санаачилснаас хойш арав гаруй жилийн дараа НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлж чаджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Foreign Policy: Монгол улс хурдан хугацаанд их хэмжээний бондын төлбөрөөс гарах боломжгүй

 

Монголын засгийн газар 580 сая ам долларын бондын өрөө төлж чадахгүйд тулж ард иргэд өөрсдийн үнэт эдлэл, бэлэн мөнгө, адуу мал зэргээ төрдөө хандивлаж байгаа талаар олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолон бичсэн билээ. Тэгвэл энэ удаа манай сайт "FOREIGN POLICY" вебсайтад нийтэлсэн мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Монголын засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая ам долларын бондын өрийн төлбөрийг гүйцээж төлөх хүндхэн даалгавартай нүүр тулаад байна. МУ-ын засгийн газар БНХАУ, ОУВС-аас эдийн засгийн хүнд хямралтай үед авдаг яаралтай тусламжийг хүссэн ч товлосон хугацаандаа шинжээч, төлөөлөгчид ирээгүй ба эцсийн шийдвэр гараагүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай засгийн газар хүнд үетэй нүүр тулсан ч ард иргэдээсээ өөрийн үнэ бүхий эд зүйлсээ хандивлаж, өгөхийг хүссэн тохиолдол байхгүй. Мөн манай засгийн газарт тусламж хүсэх талаар яриагүй. Тэрээр өөрийн засгийн газрыг  эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолыг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад шуурхай ажил хийхээр зориж байна гэжээ. 

Монгол улсад гадны хөрөнгө оруулалт тасарч, ДНБ-ний өсөлт хоёр оронтой тооноос нэг оронтой тоо хүртлээ бууж, хасах үзүүлэлттэй байгаа билээ. Энэ нь МУ-ын эдийн засаг стратегийн хувьд уул уурхайн салбараас шууд хамааралтай. Учир нь тус салбарын хөрөнгө оруулалт татрахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, БНХАУ, ОХУ-аас бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж дотоодын эрэлтийг хангадагтай шууд холбоотой аж.  Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэгч орон биш тул дотооддоо эргэх санхүүгийн урсгалаа гадагшаа гаргадагтай шууд хамааралтай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Данзан: Улсын начин Б.Ганзоригоос бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн

Бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа. 

-Бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахаар болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Гэтэл бөхчүүдээс допинг илэрсээр байна. Үүнээс харахад зөвхөн наадмаар допингийн шинжилгээ авч байгаа нь учир дутагдалтай байгаа нь тодорхой байна. Тийм учраас Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийг “Допингүй монгол бөхийн төлөө” уриан дор ажиллаж наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байхаар тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн журам баталсан. Энэ журмыг бүх бөхдөө товхимол болгон хүргүүлсэн. Бөхчүүд энэ журмыг дэмжиж байгаа.

-Ямар үндэслэлээр 16 бөхийг сонгосон юм бэ?

 

Барилдаанд шөвгөрч байгаа бөхчүүд, бөхчүүд ба үзэгчдийн санал болгосон бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн нэрлэсэн бөхчүүд, өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн бөхчүүдээс шинжилгээ авна.

-Ямар үндэслэлээр хэнээс шинжилгээ авахыг дээрх журмаар зохицуулсан. Барилдаанд шөвгөрч байгаа бөхчүүд, бөхчүүд ба үзэгчдийн санал болгосон бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн нэрлэсэн бөхчүүд, өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн бөхчүүдээс шинжилгээ авна. Мөн улсын наадамд дөрөв даваад тавд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүдээс сорьц авах юм. Одоо бол эхний ээлжид бөхчүүд, үзэгчдээс санал авч байна. Бөхийн бүх дэвжээдээр явж, бөхчүүдээр шинжилгээ авхуулахыг хүсч байгаа бөхчүүдийн нэрийг тусгай хуудсанд нууцаар бичүүлэн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авч байна. Энэ хуудсанд улсын цолтой 8, аймгийн цолтой 8, сумын цолтой 8 бөхийн нэр бичих бололцоотой. Бөхчүүд, үзэгчид  хэдэн хүний нэр бичих нь тухайн хүний асуудал. Одоогоор 500 орчим бөх, мөн төдий тооны үзэгчдээс санал аваад байна. Санал өгөөгүй байгаа дэвжээдийн бөхчүүдээс үргэлжлүүлэн санал авна. Саналын хуудсанд нэр нь хамгийн олон давтагдсан 16 бөхийн нэр тодорхой болно. Үүн дээр дээр хэлсэн бусад нөхцөлөөр бөхчүүдийг хамруулах бололцоотой. Ингээд эхний ээлжид 16 бөхөөс допингийн шинжилгээ авна.  Улсын цолтой нь 10 орчим, аймгийн цолтой 4-5, сумын цолтой 1-2 бөхийг хамруулах болов уу. Ийм байдлаар Улсын баяр наадам хүртэл хоёр удаа бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар төлөвлөөд байна.

-Шинжилгээг хаана хийх вэ. Нэг бөхөд хэчнээн төгрөгийн зардал гарах вэ?

-Монголдоо, камерийн хяналт дор ямар нэг хардлага дагуулахгүйгээр бөхчүүдээс сорьц аваад сорьцыг Солонгос улсад явуулж шинжлүүлнэ. Нэг бөхийн шинжилгээний нийт зардал нэг сая 500 мянган төгрөгт багтах болов уу.

-Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-Манай холбоо “Допингийн эсрэг” сан байгуулж, тусгай шилэн данс нээсэн. Санд хамтарч ажилладаг байгууллага, бөхчүүд, бөхийн дэвжээд, иргэд хандив өргөхийг уриалан ажиллаж байна. Бөхчүүдийн хувьд цолны эрэмбээр хандив өгнө. Хандив мөнгө нь янз бүр байна. Жишээлбэл, улсын аварга нэг сая, арслан 800 000, гарьд 600 000 гэх зэргээр өөр өөр байна. Бөхийн дэвжээд нэг 500 мянган төгрөгийн хандив өгөх жишээтэйгээр санжүүжилтээ босгож байна. Бөхийн холбоо бол дангаараа дийлэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уурхайг нийгэмчилсэн нь хөрөнгө оруулагчдад анхааруулга боллоо

"Нью Йорк таймс" сонинд Монголын парламент Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монголын парламент нэгэн зэсийн уурхайн худалдан авалтыг цуцалж бүхэлд нь нийгэмчлэх шийдвэр гаргажээ. Хэдийгээр тус улсын ерөнхийлөгч парламентын энэхүү шийдвэр хөрөнгө оруулагчдыг айлгах болно гэж анхааруулсан ч шийдвэрт огт нөлөөлөөгүй нь нийт орлогынхоо 90 хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг Монгол улсад улстөр бол эмзэг сэдэв гэдгийг харуулж байна.
Парламентаас баталсан тогтоолын дагуу Оросын төрийн өмчит компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан Эрдэнэт уурхайн 49 хувийг нийгэмчилж 100 хувь Засгийн газрын мэдэлд авчрах ажээ. 
Монголд байнга өрнөдөг уул уурхай тойрсон маргаан, компаниудын гарыг мушгисан үйлдэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг байнга унагасаар ирсэн. Тэгсэн хэдий ч Монголын эдийн засаг өсөх бус өнгөрөгч улиралд -1.6 хувь болж агшсан байна. Түүгээр барахгүй улсын нийт өр нь эдийн засгаасаа 2 дахин их буюу 23 тэрбум ам.долларт хүрч ирэх 3-р сарын 21-нд 580 сая ам.долларын бондыг төлөх ёстой болжээ.
Монголын парламентын гаргасан шийдвэр нь 90-ээд оны эхээр Зөвлөлт маягийн коммунист дэглэмийг халснаас хойш анх удаагаа компанийн хөрөнгийг хураан авч буй шийдвэр болж байна. Өнгөрсөн жил Монголд парламентын сонгууль болж Засгийн газар солигдсон юм. Харин эдийн засгаа өөд нь татах хүндхэн үүрэг хүлээгээд буй Засгийн газарт гол ачаа ногдсон хэвээр. Үүнийг ч тус улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж анхааруулж “хөрөнгө оруулагчдыг үргээж Монголыг улам ганцаардуулах буруу шийдвэр“ гэж хэлэв. Тэрээр парламентад хэлсэн үгэндээ “Эрдэнэтэд бугшсан хууль бус нуугдмал бүхнийг дэлгэн тавих хэрэгтэй” гэжээ. 
Үүний өмнөхөн дэлхийн томоохон компани болох Рио Тинтог тойрсон маргаанаас болж Оюутолгойн уурхайн ажил хойшилж байсан юм. Өнгөрөгч 5-р сард тухайн үеийн ерөнхий сайд Сайханбилэг “Монгол улс бизнест эргэн ирлээ” хэмээн зарласнаар Рио Тинто 5.3 тэрбум ам.долларын уурхайн ажлаа сэргээж байлаа. 
Хэлцлийн эргэн тойронд ужгирсан маргаан үргэлжилж хэлцлийг санхүүжүүлсэн Худалдаа хөгжлийн банкийг дүрэм журам зөрчсөн гэж буруутгажээ. Харин тус банкны гүйцэтгэх захирал Ононгийн Орхон хэлэхдээ “тус банк нь санхүүгийн зөвлөгөө өгч хэсэгчилсэн санхүүжилтийг ном журмын дагуу хийсэн” гээд парламентын дүгнэлтийг эрс няцаасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Татварын тайлан авах хугацааг маргааш болтол сунгалаа

2016 оны жилийн эцсийн татварын тайлангуудыг хүлээн авах хугацааг энэ сарын 16-ны өдрийг дуустал сунгалаа. Аж ахуйн нэгж байгууллагууд 2016 оны жилийн эцсийн тайланг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор харъяа татварын албандаа өгөхөөр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд татварын тайланг хүлээн авах хугацааг нэг хоногоор сунгасан байна.

Учир нь Татварын албаны цахим сайтад хагас өдөр саатаж, тайлан хүлээн аваагүй учраас тэрхүү хугацааг нөхөж, нэг өдрөөр сунгасан байна. 

Уурлавал элэг, гуньж гутарвал уушиг гэмтэнэ

Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргад хүйсний доор хоёр ямхын зайнд Хятад эмнэлгийн зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал газар байдаг. Хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж 30-40 минутаар амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна хэмээн бодох дасгалыг удаан хугацаанд хийж чадсанаар эрүүл мэндэд сайн гэдэг уламжлал байдаг. Зүү төөнүүр энэ газар хүний биеийн цог золбоо, бие чийрэгжихэд их ач холбогдолтой хэмээн үздэг.

Эртний иогийн дасгалаар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чадцаг гэсэн түүхэн уламжлал бий. Бас нэгэн сэтгэл засах арга бол эрх тоолох. Бурхны сургаалд эрх тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.

Эртний Хятад эмнэлгийн “Дотор өвчний судар”-т уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай.

Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь эрүүл байхын үндэс юм.

Солонгосын визний журмын өөрчлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

БНСУ визгүй зорчих журамд өөрчлөлт орж, ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэхээр болжээ. Шинэчилсэн журмаар тус улс руу 90 хоног визгүй зорчдог байсныг болиулж, байнгын зорчдог болон олон удаагийн виз олгох аж. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр нэвтэрсэн хүнийг хэлэх юм. Олон удаагийн виз нь 1, 3 болон 5 жилийн хугацаатай олгох бөгөөд энэ хугацаанд тус улс руу хэдэн ч удаа зорчиж болох юм.

Мөн Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва Европын нэр бүхий 30 оронд ажиллаж, амьдарч байсан иргэд тухайн улсаасаа Солонгос руу шууд нэвтрэхэд виз авах шаардлагагүй аж.

Харин виз авах хүсэлт хүргүүлсэн өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суусан эсхүл тус улсын хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн иргэдэд зөвшөөрөл олгохгүй аж.

Гандангийн хэвийн боов шалгалтад бүдэрлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехэд шалгалт хийжээ.

Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж байсан нь тогтоогджээ.  Тухайлбал,
 

  • Автомашин, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй,
  • Ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Иймд иргэдийг ил задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мансууруулах төрлийн ургамал машиндаа авч яваад баригджээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр өглөөний 05:00 цагаас өнөө өглөөний 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 2242 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1434, согтуугийн 389, зам тээврийн ослын 339, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 48 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

СХД-ийн 31-р хороо  “Дунд нарангийн задгай гудамжинд өчигдөр цагдаагийн алба хаагчид “Toyota Рrius-20” автомашиныг зогсоож шалгахад СБД 17-р хороонд суух Х /эр.20н/, БЗД 8-р хороонд суух Ш /эр.21н/ нар ногоон өнгийн ургамалын төрлийн мансууруулах бодис тээвэрлэн авч явсаныг илрүүлэн СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulzii
Gandangiin boov buu av ajilgui baakhan zaluusaar khiilegdeg yum garaa ugaakhgui nusaa niigeed l boov oo barisan garaaraa guril zuurna estoi ba ba khums ni nuli khir
2017/02/15 202.179.23.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9