8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-д бэлтгэх Үндэсний зөвлөл 11 дэх удаагаа хуралдлаа

2015-11-18 11:31:00

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 11 дэх  удаагийн хурал 11-р сарын 13-нд боллоо.

Энэ удаагийн хурлаар 11-р сарын 4-6-нд Люксембургт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 12-р уулзалтын үр дүн, АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан шуудангийн марк гаргах тухай, уг уулзалтыг бэлгэдсэн түүхэн хөшөө дурсгал байгуулах, МИАТ-ын онгоцны “Inflight” сэтгүүлд АСЕМ-ын уулзалтын талаарх цуврал мэдээлэл тавих, “АСЕМ expo house” байгуулах зэрэг болон зарим хөрөнгө оруулалттай холбоотой нийт 10 асуудал хэлэлцэв.

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвээр болж, нийт 53 гишүүнээс 21 гишүүн улс оролцжээ. Манай улс 2016 онд  Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах орны хувьд бусад түнш улсуудын байр суурийг сонсох, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцоход голлон анхаарсан байна. Мөн Дээд түвшний 11 дэх уулзалтаас гарах “Улаанбаатарын тунхаглал”-аар өнгөрсөн 20 жилийг дүгнэхээс гадна дараагийн 10 жилд баримтлах зарчмаа тодорхойлохоор болжээ.

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа бөгөөд нийслэл хотын зам засвар, тохижилтын ажлын явц, зочид буудлуудын засвар, үйлчилгээг сайжруулах чиглэлээр танилцуулга сонсч, хүлээгдэж буй зарим асуудлыг яаравчлахыг холбогдох газруудад анхаарууллаа.

Мөн АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан шуудангийн маркны загварыг дахин шинэчилж хэлэлцүүлэхээр болсон бол бэлгэдлийн хөшөөний агуулгыг зөвхөн уг уулзалтаар хязгаарлах бус манай оронд хүрэлцэн ирж буй зочид төлөөлөгчдөд зориулж улс орныхоо онцлогийг илтгэсэн байдлаар баяжуулахыг санал болгов. Хуралдаанаар хэлэлцэж шийдсэн бусад асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгож, дараагийн хуралдаанд үр дүнгээс танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment