8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: П.Анужин мэдэгдэл хийж, Т.Лхагвасүмбэрэл агсанд дэлхийн нэр хүндтэй шагнал нэхэн өгсөн өдөр

2016-01-13 02:35:00

Өвлийн тэсгим хүйтэн нэгэн өдөр өндөрлөж байна. Өнөөдөр эх оронд болсон үйл явдлын тоймыг хүргэдэг Монголын нэг өдөр булан эхлэж байна. "Херо" энтертайнмент студийн бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 2014 онд  оролцсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээгээр уг нэвтрүүлэгтэй холбоотой хар дүрс алдагдаж тархсан юм. Тэгвэл хулгайд алдагдсан бичлэгт тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн намын бага хурал болоод улстөрчдийн талаар ярьж буй яриа нь сошиал хэрэглэгчдийн шүүмжлэлд өртөөд байгаа.Тэгвэл хөтлөгч бүсгүй эдгээр шүүмжлээд байгаа хүмүүст хариулт өгсөн юм. Энэ талаархи дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү 


“Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл "хор" худалдаж, хонжоо хайсаар Их хуралд суух уу?


Тесо группийн харьяа "Агь" ХХК-ийн импортоор оруулж ирдэг "Сакура" цагаан будаа чанахаар шохой шиг үйрч бутраад хэрэглэхийн аргагүйд хүрсэн, дотроос нь өт гарсан, "Бамбар" зайрмаг нь элдэв хог, модны үртэстэй гээд л. Хамгийн сүүлд  "Милко" сүү нь сүлэгдэхгүй гашилж учир байдлыг дуулгахад “Та цай чанахдаа технологийн алдаа гаргасан байх” хэмээх байж боломгүй даапаалсан хариу өгсөн нь тус компани хэрэглэгчидээ хэрхэн үнэлдэгийг тод харуулна. Энд дарна уу


н.Уугантуул: н.Шинэхүү эмч "Миний буруугаас танай охин ийм болчихлоо" гэсэн


Эрүүл мэндийн салбар бол улс орны амин чухал салбарын нэг. Гэвч сүүлийн үед энэ салбартай холбоотой таагүй мэдээлэл шил шилээ даран гарах боллоо. Эх үр хоёр эндсэн хэрэг оны өмнөх нь гарч, иргэдийг цочироож байлаа. Хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл авч чадаагүй байтал 2 дугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газарт  төрсөн бүсгүй эмч нарын буруугаас эрүүл мэндээрээ хохироод байна. Цус алдаж төрсөн бүсгүйд цус сэлбэх явцад эмч нар бүлэг андуурч хийжээ. Улмаар бүсгүй одоо болтол эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж.Хохирогч бүсгүйн ээжтэй хийсэн ярилцлагыг та энд дарж уншина уу.

Н.Гантөмөр: Миний хүүг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг


Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг. Гудамжны гэх тодотголтой хүмүүсийг бид архичин, тэнүүлчин, хулгайч л гэж дууддаг. Тэд яагаад ийм болсон, юу тохиолдсон нь хэнд ч сонин биш. Гэвч тэд адилхан л хүмүүс...Хэн нэгний хайр нь болж, хэн нэгнийг баярлуулсаар ирсэн үрс. Хэдийгээр бусад шиг ходоод нь дүүрэн, хонох газаргүй ч гэлээ амьдралдаа сэтгэл хангалуун... Амьдрахын сайхныг өөрөөрөө мэдэрч яваа хүмүүс. Амьдралдаа алдаж, хазгай гишгэсэн ч хулгай хийдэггүй, хүний хөрөнгөөс хумсалдаггүй, хөдөлмөрөөрөө амиа зогоож байгаагаа тэд учирлаж сууна... Бидний хэлж заншсанаар “Хог түүдэг, Хогны хүн” гэх нэр зүүсэн хүмүүстэй ярилцаж тэдний дотоод сэтгэл рүү жоохон ч гэсэн өнгийх гэсэн сониуч зандаа хөтлөгдөн сэтгүүлч миний бие өглөө эртлэн "эрэлд мордлоо".Эдгээр хүмүүсийг олж уулзах амархан байсан ч чин сэтгэлээсээ надтай ярилцаж амьдралынхаа түүхийг өгүүлэх хүнийг олох амаргүй байсныг нуух юун. Олны дунд сайнтай, муутай гэдэг. Ашиг хонжоо харж, худал ярих хүн байсан бол амьдралынхаа чин үнэнийг сэтгэлээсээ ярих хүн ч байсан юм.   Амьдралын эрхээр ингэж амьдарч байгаа Гантөмөрийн яриаг та энд дарж уншина уу. 


 “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийн эргэн тойронд

Ж.Төмөрсүх: Хүүгийн минь амийг авч одсон алуурчдыг олохын төлөө ясаа цайтал явна


 “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.Түүнийг эх орон газар шороо, эх нутагт нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан хэмээн ажлын хамт олон, ар гэрийнхэн нь үзээд байгаа юм.  Тэгвэл талийгаач залууд олон улсын ирвэс хамгаалах сангаас “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. Уг шагналыг дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачдад 2008 оноос хойш жил болгон олгож эхэлжээ. Талийгаач залуугийн шагналыг түүний аав Ж.Төмөрсүх хүлээн авчээ. Тэрбээр энэ үеэр 3 асуудалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.Энд дарна уу


Т.Мөнх-Оргил: Гурвантэс сумын цагдаагийн даргыг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна

 


“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл бусдын гарт амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Өдгөө уг хэргийг албаныхан шалгаж байгаа. Тэгвэл талийгаач амиа алдахаас өмнө гурван удаа халдлагад өртсөн байдаг. Халдлага гарах бүрт талийгаач болоод ажлын хамт олон нь цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч хэргийг хаасан байдаг. Тэгвэл талийгаач залуугийн дүү  Т.Мөнх-Оргил гомдолтой гэдгээ хэлээ. Энд дарна уу

Ё.Сагсай: Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэрэг УЕП-ын газрын байнгын хяналтад байгаа


Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ “2015 оны хугацаанд манай байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирсэн. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг. Өнөөдөр гурван өргөдөлтэй холбоотой саналыг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээлгэн өгч байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн н.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай холбоотой гомдол, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгч байна” гэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээлгэн өгөв.Энд дарна уу


АН-ын генсек Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ

МАН-аас "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан мэдээлэлтэй нь холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн. Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна.


Өвөрхангай аймагт H1N1 вирүсээр өвчилсөн бүсгүй нас баржээ


Өвөрхангай аймгийн Хархорин сумын  Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А нь сумын эмнэлэгт энэ сарын  5-нд төрж ихэр хүүхдүүдтэй болжээ. Гэвч иргэн А-гийн бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Тиймээс аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ, улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, ХӨСҮТ-д хандсан бөгөөд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнийг “А хүрээний H1N1 вирус”-ийн өвчлөл авсан гэдгийг тогтоожээ. Улмаар эмнэлгийн зүгээс шаардлагтай бүх арга хэмжээг авсан ч харамсалтай нь нас барсан байна.


Цагдаагийн албан хаагчийг буудахыг завджээ

Ардчилалд зориулан төр энэрэнгүй гэдгээ харуулан Өршөөлийн хуулийг баталсан. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн билээ. Өршөөлийн хуульд нийт 4340 хүн хамрагдсан юм. Тэгвэл өршөөлөөр суллагдсан хэд хэдэн иргэн гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. Тухайлбал өнгөрсөн арваннэгдүгээр сард өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан иргэн О цагдаагийн албан хаагчийг буудахыг завдсан байна.  Тодруулбал өнгөрсөн сарын 31-нд хамтран амьдрагч эмэгтэйдээ агсам тавьж, толгой руу нь данхаар дэлссэн аж. Улмаар  хохирогч эмэгтэй цагдаад дуудлага өгчээ.Гэтэл сэжигтэн О цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд зогсохгүй, гэрт байсан СКС маркийн бууг цэнэглэн цагдааг хөнөөн хэмээн заналхийлж, танхайрсан байна. Түүнд өдгөө Эрүүгийн хуулийн 181.3, 230.1-д заасан зэвсэг хэрэглэж танхайрсан, төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн хэмээн эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг байнгын хорооны даргаар томилохыг 100 хувь дэмжлээ. Одоо тус байнгын хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн томилгооны хугацаа энэ сарын 16-нд дуусч байгаа тул АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлсэн байна.
 

Бусад үйл явдлыг цөөн үгээр 

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн Ил Уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр уурхайчдын цалин хөлсийг нэмэх болон шилэн дансны хуулийг биелүүлэх зэрэг шаардлага тавьсныхаа төлөө хэлмэгдэж байна хэмээн мэдээлэл хийлээ.


Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

 
“Цахим эрүүл мэнд” төслөөр Өмнөговь аймагт 467 сая төгрөгийн төхөөрөмж гардууллаа.


Хүйтний эрч эрс чангарсан ойрын өдрүүдэд орон нутгийн замд өглөө оройдоо манан татсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын нөхцөл гулгаа үүсэх төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төвөөс жолооч нарт анхааруулж байна.


“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагналаа.


 
Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуульд олон нийтийн саналыг маш сайн тусгасан гэж Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хийсэн ярилцлагын үеэр хэллээ.
Өнгөрсөн 2015 онд Монгол улсын хэмжээнд нийт 27757 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17939 нь нийслэлд гарсан бөгөөд эдгээр гэмт хэргийн 4272 нь буюу 23,8 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.


 
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

 
Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн анги, танхимуудыг эцэг эхчүүдийн хандив тусламж, улсын хөрөнгө оруулалт нийлүүлэн 60 сая төгрөгөөр тохижуулжээ.
 
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment