8o
Улаанбаатар хот
mobile menu

“Херо” Анужин нарын зам салж, энхийг сахиулагчид гавъяа байгуулсан өдөр

2016-04-26 18:03:00

Монголчуудын хувьд ирэх дөрвөн жилийн төлөөллийг сонгох чухал өдрүүд ойртсоор. Халуу дүүгэж нар наашилж урь орохын хэрээр сонгууль дөхсөн халуун үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. Өнөөдөр Монголын улс төрд болоод нийгэмд дуулиан тарьсан, олон үйл явдлууд болж өнгөрлөө. Түүний нэг нь эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд цуурайтуулсан цэнхэр дуулгат энхийг сахиулагчдаас ирүүлсэн амжилтын мэдээ байлаа. Энэхүү гэрэлт мэдээгээр “Монголын нэг өдөр”  тойм булангаа эхлүүлье.

Монгол цэргүүд баатарлаг үйлс бүтээжээ

Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар Өмнөд Суданд UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа баатарлаг үйлс байгуулсан тухай гэрэлт мэдээллийг Батлан хамгаалах яам дуулгалаа. Тодруулбал  Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чаджээ. Тэдгээр этгээдүүд   дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байсныг илрүүлсэн байна.Ийнхүү цэнхэр дуулгатай монгол зоригтнууд эх орныхоо нэрийг дуурсгажээ. Дашрамд дуулгахад хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарч байжээ.

Ийнхүү Монгол цэргүүдийн гавъяат үйлсээр ард түмэн бахархаж тэдний мэдээллийг шимтэн уншсан бол эх орон байгаль дэлхийгээ аминаасаа ч илүү хайрлаж цэцэг амьтай нэгэн эмэгтэйг энэ удаагийнхаа ярилцлагын хойморт урьсан юм. Тэрээр өдгөө 61 нас хүрч байгаа бөгөөд “би өөртөө биш цэцэгнүүддээ байшин барьж өгнө” гэж ярилцлагандаа дурьдлаа

Ж.Дөшбат: Би өөртөө биш цэцэгнүүддээ байшин барьж өгнө

Өөрийн гэсэн бүхнээ цэцэгтэй холбож, түүгээрээ амьдарч, бүр  амьсгалж буй энэ хүний Жамцын Дөшбат гэдэг. Өдгөө 61  нас хүрч байгаа ч үргэлж ургаж, төлжиж өнгөлөг явна би хэмээн ярих нь мөн л цэцэгтэй холбоотой.  Учир нь арван жилдээ анх харсан Шимтэглээ цэцэг л хамгийн гоё санагдаж түүнээс хойш цэцгэнд дурлажээ. Ж.Дөшбат гуай Монгол орныхоо зэрлэг цэцэгсийн үрийг түүж тасалгаанд ургуулж байгаагаараа их бахархаж явдаг юм билээ. Ингээд цэцэгчин Ж.Дөшбат гуайтай ярилцсанаа хүргэж байна.Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

Эгэл борчуудын амьдралаас их зүйлийг ухаарна гэж ардын сайхан үг бий. Цэцгийн дэлбээ бүрийг өөрийн үр хүүхэд шигээ хайрладаг эгэл жирийн энэ эмэгтэйгийн их хөдөлмөрийн шанд нь цэцэг бүр нь мишээн дэлгэрээстэй байдаг аж. Үргэлжлүүлэн тойм булангаа 10 гаруй жил Нарантуул зах дээр гагнуурчин хийж байгаа С.Бат-Очир гуайн яриа руу уншигч таныг хөтлөн оруулъя. Ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал аяндаа амьдрал чамайг шагнана гэж ярих 70 дөхөж буй энэ настангийн ярианаас уншигч та нэгийг ойлгох буй за.

С.Бат-Очир: Жорлон ухаад ч болов олсон мөнгөнөөс нь жорлон л үнэртэв гэж

Уулны цаанаас угтах нартай зэрэгцээд л үдшийн бүрий хүртэл өөрийгөө залуу мэт ажиллаж, нас хэвийсэн ч намба зааж гэртээ суугаагүй энэ настан буурайг С.Бат-Очир гэдэг. Нарантуулынхан “гагнуурчин өвөө” гэж хочилдог тэрээр хөдөлмөрийн хөлс, амт шимийг дэндүү сайн мэднэ. Одоогоос арван жилийн өмнөх шигээ залуу байсансан бол их ч ажлыг амжуулах байсан даа гэхдээ одоо болоогүй ээ гэж ярих нь, амьдралдаа хичнээн хайртай хөдөлмөрлөх хүсэлтэйг илтгэнэ. Хамгийн гол нь ажлаа сэтгэлээсээ л хийх хэрэгтэй гэсэн үг түүний ажилдаа баримтлах гол зарчим. Дэлхийгээр нэг тэнүүчилж суутныг хайхаас илүү дэргэд  байгаа энэ намхан буурал өвгөнөөс авах юм их бий.

 “Амьдрал сайхан” булангийнхаа энэ удаагийн зочиноор Нарантуул зах дээр 10 гаруй жил гагнуурчнаар ажиллаж байгаа  Содовын Бат-Очирыг уншигч тантай уулзуулъя. Өвөөд нь ч ярих юм их бий дээ. Гэхдээ тун ч завгүй байдаг юм хэмээх энэ настантай ажлынх нь зав чөлөөгөөр ийнхүү хуучиллаа.Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

Тойм хөтөлбөрөө үргэлжлүүлэн улс төр лүү хазайлгая. Өчигдөр Н.Алтанхуяг үнэнийг хэлсэний минь төлөө хууль хүчнийхэнд шалгагдаж эхэллээ гэсэн мэдээлэл тарааж олныг шуугиулсан бол өнөөдөр энэ сэдэв намдалгүй цогшиж өнжлөө.  Н.Алтанхуяг гишүүн зарлан дуудах хуудас ирүүлсэн шалтгаандаа өнөөдөр Улсын мөрдөн байцаах газар тайлбар хийсэн юм. Энэ мэдээллийг одоо уншигч таны өмнө дэлгэе.

Н.Алтанхуяг гишүүнийг зарлан дуудсанаа УМБГ ингэж тайлбарлав

Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас  байцаалт авахаар  зарлан дуудас хуудас хүргүүлж дурьдсан цагт бэлэн байхыг мэдэгдсэн.  Н.Алтанхуягын хувьд шудрага мэдээлэл хийсний төлөө АТГ Тагнуулаас нууц гэж байцаалт авсан, одоо Цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас дуудлаа гэсэн. Харин энэхүү зарлан дуудах хуудасныхаа тухай  ЦЕГ-аас тайлбар гаргасан байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас энэ сарын 19-ны өдөр Н.Алтанхуяг гишүүнийг шалгах үүрэг өгсөн байна. Ингэхдээ энэ сарын 04-ний өдөр Төрийн ордонд хийсэн мэдэгдэлд гэмт хэргийн шинжтэй мэдээлэл тусгагдсан байсан тул зохих журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг үүрэгджээ. Тиймээс энэ дагуу Н.Алтанхуяг гишүүнийг шалгасан бөгөөд түүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, мэдэгдлийнх хүрээнд тодруулга, тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн гэсэн байна. Эргэн сануулбал  Н.Алтанхуяг гишүүн өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хийсэн “Төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байдаг” хэмээсэн мэдэгдлийг ийнхүү ноцтой гэж үзэн Цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт дуудах гол шалтгаан болжээ

Энэ өдөр улс төртэй холбоотой олны анхаарлын төвд байсан асуудлын нэг бол МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн өргөтгсөн хуралдааны үеэр Н.Энхбаярын хэлсэн үг байлаа. Тэрээр энэ үеэр МАН,АН намайг басамжлаад байгаа, шудрага сонгуулиар би илүү өндөр санал авна гэсэн юм. Мэдээллийг одоо дэлгэрүүлэн хүргэе.

Н.Энхбаяр: МАН,АН намайг басамжлаад байгаа, шудрага сонгуулиар би илүү өндөр санал авна

Өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн өргөтгсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар намын гол хөдөлгөгч хүч болох Намбарын Энхбаяр хэлэхдээ."Ардчилсан нийгэмд бүгд бие биеэ хүндэтгэж амьдрах ёстой. Нэг ч иргэний санал бодол гээгдэх ёсгүй гэсэн ардчиллын суурь зарчим байдаг. Олонхын санал гэдэг нь 100 хүн санал хураалаа гэхэд 51 хүний санал нь олонх болж 49-ийнх нь шууд хогийн сав руу ордог. 100 хүн байсан ч гэсэн хамаагүй 51 хүний саналаар бүхюм шийдэгддэг. Нөгөө 49-ийгөө ч цаазалж болно. Гэтэл бид ийм муухай харгис тогтолцоо руу буцаж очих гэж байна.  Намайг энийг ярихаар МАН, АН-ынхан тойргоос гарч чадахгүй хүн ингэж ярьлаа гэж их басамжлаад байгаа.  Гэхдээ шударга сонгууль явуулбал би ямар нэгэн тойрогт харьцангуй өндөр санал авна" гэсэн байна

Үндсэн хуулийн цэцийн гаргасан намын жагсаалтаар сонгох асуудлыг түдгэлзүүлсэн шийдвэр улс төрд нилээн шуугиан тарьж сонгууль ойртсон өнөө үед төрийн ордон толгой хөл нь мэдэгдэхгүй байдалтай байна. Цэцийн гаргасан энэ шийдвэрт УИХ-д жагсаалтаар сонгогдсон эмэгтэй гишүүд таагүй хандаж байгаа бөгөөд өнөөдөр энэ асуудал хоёр ч байнгийн хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэнээр УИХ-д эцэслэгдэн шийдвэрлэгдэх болж байгаа юм.

Эмэгтэй гишүүдийг хатавчинд суулгах хувилбар дэмжигдлээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хоёр том нам хүлээж авах шийдэлд хүрсэн нь 2016 оны сонгуулийг намын жагсаалтын 28-гүйгээр цэвэр мажоритар тогтолцоогоор явуулах нь ойлгомжтой боллоо. Харин дөрөвхөн жилийн настай байсан энэ тогтолцоо үгүй болсоноор УИХ-д жижиг намууд өрсөлдөж ялалт авчрах, гуравдагч хүчин бий болох боломжийг хаах, УИХ-д эмэгтэйчүүд сонгогдох боломжийг хязгаарладаг сөрөг талтай. Баримтыг эргээд сөхье. Намын жагсаалтаар сонгодоггүй байх үе буюу 2008 оны сонгуулиар парламент ердөө гурван эмэгтэй гишүүнтэй байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвин, С.Оюун, Д.Оюунхорол нар байв. Тэгвэл одоо УИХ-д сууж байгаа 11 эмэгтэйгээс 5 нь намын жагсаалтаар сонгогдсон. Харин цэц дээрх шийдвэрийг дэмжиж намын жагсаалтыг үгүй болгосноор эмэгтэй гишүүдийг хатавчинд суулгаж гэрээс гаргах зам мөрийг нь заасан гэж болно. Мэдээж энэ шийдвэрт ялангуяа эмэгтэй гишүүд гундуухан явна

Ийнхүү Цэцээс УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг асуудалд гишүүд дэмжинэ, дэмжихгүй гэж өөр, өөрийн байр сууриа илэрхийлж байгаа цаг үед сэтгүүлчийн үзэг асуудлыг ийнхүү өнцөглөлөө.

Жагсаалтыг үгүйсгэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирнэ

Цэцээс УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан.  Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлттэй хамт 2012 онд бүрэлдсэн УИХ хууль бус, АН-ын захиалга байсан мэтээр ярих хүмүүс ч байна. Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр сонгууль цэвэр мажоритар тогтолцоогоор явуулах нь тодорхой болж байна. Нөгөө талаас нь аваад үзэхэд намын жагсаалтыг хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа нь ухарсан алхам гэж харж байгаа ч хүн байна.

Яагаад гэхээр УИХ-д жижиг намууд өрсөлдөж гарч ирэх, гуравдагч хүчин бий болох боломжийг хааж, цус сэлбэх боломжгүй болж байгаа гэсэн үг. Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

Сонгууль дөхөж өндөр сэнтийд залрагсдын халгаа сэлгээ эрчимтэй яригдсан энэ цаг үед ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлсэн.  Хууль зүйн сайд Д.Дорлигжав асуудлыг ЗГ-ын хуралдаанаар оруулах байсан ч ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ асуудлыг түдгэлзэж басчхүү Хууль зүйн сайдыг шүүмжлээд авсан юм. Тойм булангаараа энэхүү мэдээг онцолж байна.

Р.Чингис хэний хүн бэ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг  сайдын эзгүй хойгуур ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар шургуулах гэсэн боловч амжсангүй. Харин ч энэ асуудлыг ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэмжээгүйгээр барахгүй  Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан зэмлэлийн хатуу чулуу нүүлгэсэн. Тэрээр  “Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг хэмээсэн. Харин үүнд  Хууль зүйн сайд Д.Дорлигжав  хариу тунирхан Р.Чингисийг халахгүй бол  “Би танай кабинетэд ажиллаж чадахгүй” гээд харц буруулсан. Тэгвэл Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэнд ашигтай байв. Ерөнхий сайд өөрийн хүн болохоор Р.Чингисийг чөлөөлөхөөс татгалзав уу

Өнөөдөр Hero Entertainment болоод хөтлөгч П.Анужин нарын зам салсан өдөр гэж хэлж болохоор үйл явдал боллоо. Учир нь өнөөдөр хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал зарлаж Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг хийхгүй болсоноо мэдэгдсэн юм. Мэдээг дэлгэрүүлэн хүргье.

П.Анужин: Б.Баатар бид хоёрын дунд хувийн харилцаа байгаагүй

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өнөөдрийн мэдээлэл хийж,  "Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг түр зогсоох болсноо мэдэгдэв. Тэрээр шалтгаанаа энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Бичлэг алдагдсан талаар "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар "Бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан" гэж албан ёсоор мэдэгдсэн ч цагдаагийн шалгалтаар гадны бүлэглэл ороогүйг тогтоосон. Тиймээс энэ хэргийн эцсийн шийд гартал хойшлуулна гэдгээ хэллээ. Тэрээр анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүх бичих зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд түр хугацаагаар зогсоож байна" гэсэн байна. Товчхондоо бол олны үзэх дуртай нэвтрүүлгээ хар бараан зүйлтэй хольж хутгахгүйн тулд ийнхүү түр азнах болсоноо хэллээ. Энэ үеэр цөөн асуултанд хариулт авлаа. 

-"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг хэр хугацаанд хийгдэхгүй вэ?

-Хуучин хийсэн нэвтрүүлгүүд телевизүүдээр цацагдах байх. Харин шинээр хийгдэх "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг бол Монгол Улсын оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. Би бол хууль ёсны өмчлөгч нь.

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлэг хийгдсэн үү?

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээрээ нэвтрүүлэг хийгээгүй.

-Цагдаагийн байгууллагын зүгээс бичлэг алдагдаагүй гэх дүгнэлт гаргасан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би өөрөө хууль цагдаагийн байгууллага биш учраас тэдний өмнөөс хариулах надад эрх зүйн боломж байхгүй. Бичлэг алдагдсаны дараа би сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгч байсан. Уг ярилцлагын үеэр надаас бай нь хэн байсан бэ гэж асууж байсан. Би бодсоор л байна. Тийм учраас энэхүү асуудал шийдэгдэх хүртэл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлж байна.

-Б.Баатар найруулагч та хоёрын дунд үл ойлголцол үүссэний улмаас ийм маягаар нэвтрүүлгээ зогсоосон гэх хардлага бий. Та энэ асуудалд ямар нэг хариулт өгөөч?

-Дүрс бичлэг гарснаас хойш хоёр дугаарыг "Херо энтертаймент"-ийнхэн хийсэн гэж бодож байна. Хоёрдугаарт анхны бүрэлдэхүүн ажиллаагүй. Б.Баатар бид хоёрын дунд хувийн харилцаа байсан гэж битгий гуйвуулаасай.

-Тэгэхээр Х.Баттулга гишүүн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хоёр ч удаа хөтөлсөн нь хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Хөтлөгчийн хувьд хатуу тогтсон зүйл байхгүй. Оюуны өмчийн хуулийн дагуу санаачлагч, үндэслэгчтэй зөвлөлдөн тохиролцсоны дагуу хийх ёстой байсан. Хэрэв ингэж зөвшилцөж чадвал хэн нэгэн сэтгүүлч "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж болно.

-Б.Борхүү гуайг санаачлагч гэх мэдээлэл гарсан. Жинхэнэ санаачлаг нь хэн бэ. Хоёр жилийн өмнө бас нэг залуу би санаачлагч нь гээд л гарч ирсэн?

-Б.Борхүү гуай "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч биш. Бас нэг залуу би санаачлагч гэж гарч ирсэн. Тийм шуугиан тухайн үед дэгдэж байсан гэсэн. Би шууд тэр хүнтэй уулзаж үзээгүй. Надтай уулзаж байгаагүй.

Ийнхүү хөтлөгч П.Анужинг хэвлэлийн хурал хийсэний дараахан буюу нэг цагийн зайтай Hero Entertainment хэвлэлийн хурал хийж жүжигчин Амараа МАН-ын сурталчилгаанд тоглосон гэдгийг хэлэхийн сацуу Монгол тулганы зуун эрхэм нэвтрүүлэг бол  манай мэдлийнх Анужин бол зөвхөн хөтлөгч нь гэсэн мэдээллийг хавчуулаад амжлаа. Тойм булангаараа энэ мэдээллийг дэлгэрүүлье

Амараагийн тоглосон рекламыг МАН-ын захиалгаар “Hero Entertainment” гүйцэтгэсэн гэв

Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийж, тус нэвтрүүлгийн  санаачлагч үүсгэн байгуулагчийн хувьд нэвтрүүлгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Харин түүний дараачаар "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийсэн.  Тэрээр "Hero Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг  “Манай хамт олон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон. Нэвтрүүлгийн бичлэг алдагдаж, алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрслдийн оюуны өмч гэдэгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг  "Hero Entertainment" -ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх алдбан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж  "Hero Entertainment" -ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Харин бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна.  Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна" гэлээ.

Харин “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн патентын тухайд тус студийн ерөнхий менежер Г.Оюунтөгс“Энэ нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно. “Монгол тулгатны зуун эрхэм” нэврүүлэг хоёрдугаар шатандаа шилжиж дэлхийн Монголчуудыг оролцуулсан нэвтрүүлэг хийнэ” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр сэтгүүлчид жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” хэмээх рекламыг хэний захиалгаар хийсэн талаар тодруулсан. Харин үүнд “Херо энтертаймэнт”-ын ерөнхий графикч Ц.Мөнх-Очир “Уг видеог МАН-ын захиалгаар “Hero Entertainment” гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй” гэв.

Үргэлжлүүлэн тойм булангаараа Увс аймгийн Тэс сумын Нарийний  голын 1,8 тэрбумаар боссон гүүр нурж унасантай холбоотойгоор манай сэтгүүлч эх сурвалжаас тодруулсан ярилцлагыг тойм булангаар онцолж байна

Д.Цэндсүрэн: Гүүрийг барьсан компанид гурван хоногийн хугацаанд засах шаардлагыг хүргүүлсэн

Увс аймгийн Тэс сумын Нарийний  голын гүүр энэ сарын 24-25-нд шилжих шөнө нурсан. Анх 1,8 тэрбумаар барина гэж төсөвт суулгуулаад “Мөнхжим Өргөө “ХХК мөнгийг нь аваад таван жилийн турш шонгоос өөр зүйл хийлгүйгээр хаясан байна. Харин 2012 оны сонгуулийн өмнө 5,3 тэрбум хүртэл өртгийг нэмэгдүүлж Хятадын “HKB" интернэйшнл холдинг компани барьж дуусгасан байна. Энэхүү гүүр нь 2012 оны есдүгээр сарын 23-нд албан ёсоор ашиглалтад орсон. Гэвч  ашиглалтанд ороод  дөрвөн жил хүрсэнгүй.  Анх гүүрний тендерийг "Мөнхжим Өргөө" компанины захирал  Э.Насанбаттай холбогдсон боловч утас дээр байсангүй. Насанбатын эхнэр, тус компанийн ажилтан н.Нэргүйтэй  утсаар  холбогдож,мэдээлэл авлаа. Тэрээр хэлэхдээ” Энэ гүүр манай компанитай ямар ч хамааралгүй, Манайх барилгын компани. Нарийний гүүр  Хятадын “HKB" интернэйшнл холдинг компани барьж  ашиглалтанд оруулсан” гэж  хэллээ. Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

“Монголын нэг өдөр” тойм буланг анхааран уншиж байгаа танд баярлалаа. Үргэлжлүүлэн дэлхий нийтэд болж өнгөрсөн сонирхолтой мэдээг тойм буландаа багтааж байна. Нэрт дуучин Алсу жирэмсэжл гурав дахь хүүхдээ тээж байна. Тэрээр энэ тухайгаа загварын шоуны үеэр ам алдсан байна.

Дуучин Алсу гурав дахь хүүхдээ төрүүлнэ

Хэрэгт дуртай сэтгүүлчид дуучин Алсуг жирэмсэн гэдгийг ам алдуулж чаджээ. Тэрээр одоо 4 сартай бөгөөд  нэгэн загварын шоуны үеэр НТВ-ийн “Чи итгэхгүй дээ” теле хөтөлбөрийн сэтгүүлчид дуучин бүсгүйгээс маш шуурхай тодруулга авч чаджээ. Тэрээр өөрийнх нь жирэмсэн эсэх  цуурхлыг батлан “Болдог зүйл жам ёсоороо л болсон” хэмээн өгүүлсэн байна.  Дуучин Алсу нөхөр Ян Абрамовтой хамт 9 настай Сафина, 7 настай Микелла хэмээх хоёр охиноо өсгөж байгаа билээ.

Дэлхий хаа нэгтэй сонирхолтой хачирхалтай мэдээлэл чих дэлсэх нь элбэг . Тэгвэл энэ удаад экс найз залуудаа гологдож түүнийгээ эргүүлж авчирахын төлөө өөрийгөө өөрчилж хагалгаанд орсон охины тухай мэдээллийг онцолж байна.

Гоо заслын мэс засалд орсон охин олныг шуугиулжээ

Хуучин найз залуугаа эргэж татахын тулд гоо сайхны мэс засалд бүхэлдээ орсон 15 настай охин Хятадад интернэтийн од болж байна. Түүний “Weibo” олон нийтийн сүлжээнд 400 мянга гаруй хүн бүртгүүлсэн байна. 1999 оны тавдугаар сард төрсөн Ли Хи Даная хэмээх энэ охин экс найз залуугаа эргүүлж олж авахын тулд ийнхүү эрүү, шанаа, нүдэндээ мэс засал хийлгэжээ.

“Монголын нэг өдөр” тойм булантай хамт байсан уншигч та бүхэндээ баярлалаа. Мартагдашгүй нэгэн өдрийг дурсамж ажлын өндөр амжилттай өнгөрөөсөн гэдэгт итгэж байна. Айлчлан ирэх маргаашийн наран уншигч танд их эрч хүч, амжилтыг авчирах болтугай. Өглөөний цэнгэг агаар, гэрэлт нартай хамт шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая. Маргаашийн аз, од бүхэн уншигч таных байх болтугай

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Маш дэлгэрэнгүй товчхон багтаажээ. Уншууртай юм их байна Баярлалаа чухал.мнхэээн
2016/04/26 103.17.108.42
Н.Алтанхуяг гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хийсэн “Төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байдаг” хэмээсэн мэдэгдлийг ийнхүү ноцтой гэж үзэн Цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх
2016/04/26 103.17.108.42