8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улс авлигын индексээр 15 байр ухарч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр дөрвөн хүний амь аварсан өдөр

2017-01-25 18:40:00

ТА заримдаа "Өнөөдөр өглөө би буруу хөл дээрээ босчихсон юм байхдаа" гэсэн сонин асуултыг өөрөөсөө асууж байсан уу? 
Амьдралд дандаа гэрэл гэгээтэй, сайхан байдаггүй заримдаа өдөр хоногууд нэг л хүйтэн зэврүүн байх нь бий. Гэвч тэдгээр өдрүүдэд шаналж, зовж, бухимдах үедээ дараах хэдэн зүйлсийг тунгаагаад нэг үзнэ биз дээ. Бодууштай, санаж явууштай тийм л зүйлс юм шүү.

Бүх зүйл үргэлж санаснаар бүтэхгүй байх нь бий

Магадгүй та урд орой нь, эсвэл маргааш өглөө нь эртлэн босч өөрийнхөө өдрийг төлөвлөдөг байж болно эсвэл үгүй ч байж болно. Заримдаа зүгээр л ямар нэг зүйлийг яг төлөвлөснөөрөө хийхийг дэндүү их хичээгээд бага зэрэг өөрчлөгдсөн зүйл дээр маш их бухимдан сэтгэл санаагаар унах нь бий. Тиймээс хэрвээ та өөрийгөө нэг ийм нөхцөлд байгааг мэдэх юм бол зүгээр л гүнзгий амьсгаа аваад өнгөрөөхийг хичээгээрэй. Бидний зөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

З.Энхболд Ардчилсан намын шинэчлэлийг лөөлөө болгов

Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь тодорхой болов. Гэхдээ гишүүд дэмжигчдээсээ бус удирдлагуудынхаа ужгирсан хэрүүл, тэмцлээс болж шинэчлэгдэж чадахгүй нь.Энэ нь намын дарга З.Энхболдынх нь ярианаас бүр тодорхой боллоо. 

Угтаа бол дөрөвхөн хоногийн дараа болох сонгууль цаашлаад намынхаа шинэчлэлийг бодсон ч намын дарга хүн амнаасаа унагах үг бүрийг гишүүдийнхээ эв нэгдлийг хангахын төлөө хандуулах ёстойУчир нь энэ өдрүүд бол Ардчилсан намын шинэчлэгдэх эсэх ахиад улс төрийн тавцанд эрх баригч болон эргэж ирж чадахыг шийдэх чухал цаг үе. Тиймээс энэ үед З.Энхболд намын даргынхаа хувиар бүх зүйлд хариуцлагатай хандах нь зүйтэй. Гэтэл тэрбээр сурсан занг сураар боож болдоггүйн үгээр өнгөрсөн шигээ өөдгүй занг гаргаж эхлэв.

Тэрбээр хамгийн сүүлд “Цензургүй яриа”нэвтрүүлэгт орох үеэрээ намаа хагалган бутаргах ноцтой зүйлүүдийг ярьж, фракцийн эрх ашгаа, өөрийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг удаа дараа хийв.

Түүний хэлснээс үзвэл Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь өөрийнх нь бус С.Баярцогтын буруу байсан гэнэ. Мөн Тавантолгойг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан нар зарах гэж байсныг болиулсан "гавъяа"-гаа тодотгож, өөрийгөө магтан өрөөлийг муулав. Цаашлаад намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ДЭМЖ гэсэн утга санаа бүхий зүйлийг ярилаа. Намын эв нэгдлийг хангах ёстой намын дарга нь ингэж ярих нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

2.5 тэрбумын "шахаа”-ны бизнес хийсэн Нямдоржийн Анхбаяр гэж хэн бэ

Өнгөрсөн зургадугаар сараас хойш улс төрийн хэрүүлийн талбар болоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Энэ асуудлаар хамгийн их ярьж хууль бус луйварыг илчилнэ гэж байсан хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.  Тэрбээр Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэх”. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн хэлж байсан. Гэтэл эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байсан Ц.Нямдоржийн “но” илэрч эхэлсэн. Түүний хүү Н.Анхбаяр "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн нь илэрсэн. Хэдийгээр Ц.Нямдорж энэ талаар үгүйсгэж байсан ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн түүнийг хэдэн жилийн өмнө сайд, УИХ-ын дарга байхад “Эрдэнэт”-д түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК 760 мянган ам.долларын шахаа хийсэн байна. 

Тус шахааны талаар АН-ын даргад өрсөлдөж буй С.Эрдэнэ дэлгэн тавьж, “Нямдоржийн Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн байдаг. Гэтэл Ц.Нямдорж энхийн цагаан тагтаа царайлаад л явж байна” хэмээн хэлсэн.
Ингэхдээ Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна. Төрийн байгууллагад хувь компани бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ бол дэлхийн хаана ч байдаг л төр хувийн хэвшлийн уялдаа холбооны асуудал. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэд дахин өсгөж шахна гэдэг бол цэвэр луйварын асуудал. Энэ мэдээлэл анх цацагдахад Ц.Нямдорж огт тийм зүйл байхгүй гэж мэлзэж явсан. Дараа нь баримтаа гаргаад ирвэл ярина хэмээн мэдэгдэж байв. Харин өчигдөр хүүтэйгээ хамтарч төрд шахаа хийсэн хэргээ хүлээлээ.  Үүнийгээ  хүлээн зөвшөөрч өчигдөр төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар хэвлэлийн хурал хийсэн. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ “2004, 2006  онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг.  2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ” хэмээн хэлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Онцлох 30 ишлэл: Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн О.Орхон, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээлэл нь тэдний Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авснаас хойшхи анхны байр суурь байсан тул олны анхаарлыг татсан юм.  Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн асуудал олны анхаарлыг нэлээдгүй татаж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд юу гэж хэлсэн талаар “Онцлох 30 ишлэл”-ийг хүргэж байна. 


ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар:  "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан УИХ болон Засгийн газар тогтоол нь хүртэл байдаг


1.   Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөх бус гэж үзээд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох талаар яригдсан байна. Хэрэв ингэвэл 49 хувь нь ОХУ-руу буцах юм. 
2.      Эрдэнэтийн 49 хувийг буцаавал компанийн зардал, ирээдүйд олох байсан орлогыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэх нөхцөл байдал үүсч байна.
3.   УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан тогтоол нь хүртэл байдаг.
4.    Бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй. Нэг талыг барьсан байгаад хамарсаж  байна.
5.    Нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие ажлын хэсгийн асуултад хариулсан.
6.    49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг өөрийн компанийн зүгээс хүргүүлсэн.
7.    Манай компанийн зүгээс дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт тавьсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Алтантулга: Өмнө нь бүртгүүлээд хүүхдийн мөнгө авч байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй

Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөний журмыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-ны Нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас дараах асуултад хариулт авсан юм. 

-Хүүхдийн мөнгө олгох журамд ямар өөрчлөлт оруулсан бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өмнө нь хүүхдийн мөнгөний санжүүжилт Хүний хөгжил сангаас санжүүждэг байсан. Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох хуулийг батлан гаргасан.  Уг хууль нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн мөнгийг улсын төсвөөс олгодог болж байгаа юм. Шинээр баталсан журамд “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд сар бүр мөнгийг бэлнээр олгоно. Үлдсэн 40 хувь буюу дундаж, түүнээс дээш амьжиргааны төвшинтэй өрхийн хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөн олгоно. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

-Энэ сарын хүүхдийн мөнгө ороогүй болохоор иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдчихлаа гэж ойлгоод байх шиг байна. Журам өөрчлөгдсөн болохоор иргэд дахин банкинд очиж материал бүрдүүлэх шаардлагатай юу? 

-Хүүхдийн мөнгө болох 20000 төгрөгийг тухайн хүүхдийн нэр дээрх данс руу арилжааны 13 банкаар дамжуулан сар бүр олгодог. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд дахин мэдээлэл болон материалаа бүрдүүлж банкинд өгөх шаардлагатай гэсэн буруу ойлголттой байна. Иргэд дахин материал бүрдүүлэх шаардлагагүй. Хэрвээ өмнө нь бүртгүүлээд хүүхдийн мөнгө авч л байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй. Санжүүжилтын асуудлаас үүдэн энэ сарын хүүхдийн мөнгө бага зэрэг хойшилж байна. Энэ сарын сүүлээр эсвэл ирэх хоёрдугаар сард орно. Хоёрдугаар сараас эхлэн сар бүрийн 20-нд олгож эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амь аварчээ

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амь аварсан сайхан мэдээ байна. Тэрээр 2017 нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч байжээ. Энэ үед гэрт Ц.Найманжингийн дөрвөн хүн байсан аж.

Ингээд тэднийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч,цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өөрийн амь бие үл хайрлан, галын аюулаас аварч, тусламж үзүүлсэн байна.

 

АН-ын дарга З.Энхболд бүртгэл хүчингүй болгох тушаал гаргажээ

Ардчилсан намын дарга З.Энхболд12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.Ардчилсан намын Үндсэн дүрэм, журам, заавар зөрчиж анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхээр очоогүйгээр Төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг үндэслэлгүйгээр хүлээн авсан зэрэг зөрчлүүд гарсан гэж үзсэн байна.

Монгол Улс авлигын индексээр 15 байр ухарлаа

"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарласантай холбогдуулан “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр,  эдийн засаг Жаргалсайхан нарын хүмүүс өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

 "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс “Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан доор 2016 оны авлигын төсөөллийн индексийг зарлажээ.  Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индексээр 50-иас доош оноо авсан нь  төрийн  байгууллагын  авлига ихэссэнтэй холбоотой аж. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байсан бол 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд орж 15 байраар ухарсан байна.

Дэлхий дахинд 

Доналд Трампын 100 хоног

АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ажлаа хүлээн авсан эхний гурван хоногт юу хийв? Өөрийнхөө бодлого шийдвэрийг гүйцэлдүүлж, АНУ-ын улс төрийн практикийг өөрчилж чадсан болов уу?

Ерөнхийлөгч Доналд Трамп “Цагаан ордон”-д ажлаа хүлээн авсан даруйдааАНУ-ын засгийн газрын бодлого шийдвэр, практикт нөлөөлөх шинэ шийдвэрийг гүйцэлдүүлэн биелүүлж байна. 

Хоёр тушаал, хоёр хоолой

Доналд Трамп ажлаа авсан хоёрдах өдрөө Кейстоне, Дакато зэрэг маргаантай байгаа хоолойн барилга, байгууламжийн асуудлаар шийдвэрт хүрч гарын үсэг зуржээ. Доналд Трамп сурвалжлагчдад мэдээлэхдээ Америкийн ган төмрийг ашиглах шаардлагыг биелүүлж, дахин тохиролцох хүсэлтэй байгаа гэв. Кейстоний хоолой 1,897 км үргэлжилж Канада болон АНУ-ыг холбодог аж. Энэхүү хоолойг 2015 онд Барак Обама цаг уурын өөрчлөлтийн улмаас хааж байсан түүхтэй. Дакатогийн хоолойн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Дакатогийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг эсэргүүцэгчдийн жагсаал улам эрчээ авч байна. Доналд Трамп “Обамакаре” хөтөлбөрийг шинэчилж, үндэсний эрүүл мэндийн хяналтын системийг дахин тогтоох аж. 

Үр хөндөлтийг хориглоно 

Үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулага, эмнэлгийг улс даяар хориглох арга хэмжээг 1984 онд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан ерөнхийлөгч Роналд Реаган хэрэгжүүлж байжээ. Энэ нь тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан түүхтэй. Тэгвэл Доналд Трамп үр хөндөлтийн үйл ажиллагаа эрхлэгч олон улсын байгууллагыг хаахаар төлөвлөж, хориглох болов. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Доналд Трамп Мексикийн хилийн дагуу хана босгох ажлаа эхлүүллээ

Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хилийн дагуу хана босгох ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа талаар “Цагаан Ордон” дах албаныхан мэдээлж байна хэмээн "Нью-Йорк Таймс" сонинд лхагва гарагт хэвлэн бичжээ  Мөн түүнчлэн Доналд Трамп терроризмтэй тэмцэх чухал алхам эхлүүлж, Сири болон бусад террорист үйл явдал болж байгаа газруудаас дүрвэж буй иргэдийг АНУ руу оруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. 

Тэрээр энэхүү хэрэгжүүлж буй алхамаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж, хууль бус цагаачлалтай тэмцэхэд чухал алхам боллоо хэмээн тодорхойлсон байна. 

Доналд Трамп ажлаа хүлээн аваад дөрөв хонож байгаа бөгөөд өөрийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан ихэнхи ажлаа хийж, эхлүүллээ. Тухайлбал ТРР хэлэлцээрээс гарах асуудалыг шийдэж, Мексикийн дагуу хана босгох, үр хөндөлтийг таслан зогсоох, терроризмтэй тэмцэх чухал бодлого, шийдвэрийг авч хэрэгжүүлээд байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7