8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Ганбаатарт жилийн өмнө даалгасан ажил

2023-05-02 13:10:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй гишүүдийн хүнсний захаар орж бараа бүтээгдэхүүний үнэтэй танилцаж буй зураг өчигдөр олны анхаарлыг татлаа. Тэд “Хүчит шонхор”, “Хархорин” зах болон зарим гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр оржээ. УИХ-ын гишүүд сонгуулиар саналыг нь авах гэж л зах ордгоос ингэж бараа бүтээгдэхүүний үнэ, амьдрал ахуйтай нь танилцах зорилгоор зах орох тохиолдол тун ховор. Магадгүй тэд өмнөх сонгуулиас хойш захаар шагайсан анхны УИХ-ын гишүүд байх.

Уг нь одоогоос бараг жилийн өмнө буюу 2022 оны зургаадугаар сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатар захаар орж бараа бүтээгдэхүүнийг үнийн өсөлтийг судлах, түүний эсрэг хэрэгжүүлэх бодлого тодорхойлох үүргийг тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт даалгаж байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр сарын хугацаанд захаар орж амжилгүй Засгийн газарт ороод явчихсан. Тэрээр наймдугаар сарын 30-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсоноор УИХ-ын даргын Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн үүрэг чуулганы танхимдаа цуурай болон үлдсэн юм. Түүний үгийг эргэн сануулъя. Энэ үг өнөөдрийн нөхцөл байдалд ч тохиорч байна. Товчхондоо, түүнээс хойш томоохон өөрчлөлт гарсангүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Инфляц, үнийн өсөлтийг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулж байгааг мэдэгдэж байна. Иргэдийн өмнө тулгарч буй хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулж, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал тэгш бус байдлыг улам даамжируулж байна. Энэ хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалсан ч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхийн нийтээр үүссэн цар тахлын нөлөөгөөр бий болсон тээврийн тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.

Инфляцын түвшин 2021 оны тавдугаардугаар сард 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатарт 16.2 хувь хүрлээ. УИХ-ын баталсан Төв банкны зорилтоос даваад гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.

  • Төмс 970 төгрөгөөс 2500 болж, 2.5 дахин,
  • Лууван 2000 төгрөгөөс 4700 болж, 2.3 дахин,
  • Ургамлын тос 4300 төгрөгөөс 9500 болж, 2.2 дахин,
  • Байцаа 3000 төгрөгөөс 5200 болж, 1.7 дахин,
  • Элсэн чихэр 2700 төгрөгөөс 3750 төгрөг,
  • Атар талх 1280 төгрөгөөс 1700 төгрөг,
  • Сүү 2800 төгрөгөөс 3600 төгрөг,
  • Цагаан будаа 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж өссөн байна.  

Хүнс, бараа бүтээгдэхүүн орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнэтэй байна. Энэ бол инфляцын суурь шалтгаан болж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 1.7 дахин нэмэгдлээ. Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхийн нийтийн эмзэг асуудал болоод байна. Гэхдээ ард түмнээ төлөөлөх үүрэгтэй УИХ үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна. Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.

Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэдгийг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо тооцоолсон байна. Тиймээс инфляцыг бууруулж, үнийн өсөлтийн дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн юм.

УИХ-ын даргын үгэнд дурдагдсан бараа бүтээгдэхүүн одоо ямар үнэтэй байгааг танилцуулъя.

  • Төмс 1600,
  • Лууван 1700,
  • Ургамлын тос 7700-12000,
  • Байцаа 2300,
  • Элсэн чихэр 3600,
  • Атар талх 2100,
  • Сүү 4900,
  • Цагаан будаа 4000.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment